• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Натали Портман: Хүүхдээ гэртээ үлдээгээд ажилдаа явах нь миний хувьд амралт болдог

Э.Мөнхзаяа
2013 оны 11 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг
Жүжигчин Натали Портманы амьдралд уржнан жил томоохон үйл явдал тохиож, анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ

Жүжигчин Натали Портманы амьдралд уржнан жил томоохон үйл явдал тохиож, анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. 

Гэвч тэр амралтаа ч авсангүй, нэг киноноос нөгөөд тоглосоор өдий хүрчээ. Харин ирэх хавар Натали гэр бүлийнхэнтэйгээ Парист нүүж амьдрахаар төлөвлөсөн байна. 

Өдгөө түүний тоглосон “Тор-2: Харанхуйн ертөнц” кино дэлхийн кино театруудаар гарч байгаа. Уг кинонд тэрбээр Жейн Фостер хэмээх эрдэмтэн бүсгүйн дүрийг бүтээсэн аж. Өмнөх ангид Жейн Торт дурласан боловч тэр нь дэлхийг аварсныхаа дараа Асгард хэмээх үлгэрийн орон руугаа нисээд явчихдаг.

Бүсгүй ч Лондонд нүүж ирээд, Ричард хэмээх энгийн залуутай дотносох гэж оролдож байтал манай гарагийг ээлжит аюул нөмрөн авдаг байна. Ингээд тэр алх барьсан үлгэрийн супер баатартай дахин холбогдохоос ч өөр аргагүй болдог аж. 

-Таны бүтээсэн баатар аст­рофизикч хэрнээ утасныхаа дуудлагын дууг өөрөө ч сольж чаддаггүй. Харин та техникийн ийм асуудалд орж байсан уу?

-Би яг таных шиг утастай мөртлөө дуудлагаа яаж сольдгийг мэдэхгүй ээ. Тийм болохоор Жейн бид хоёр адилхан байх. 

-Эмэгтэй эрдэмтний дүрд бэлтгэхдээ ямар нэгэн бодитой хүнийг ажиглаж байсан уу?

-Жейн ихэнх зүйлээрээ над­тай адилхан. Комикс номон дээр тэр уг нь сувилагч гэж гардаг шүү дээ. Харин манай кинон дээр тэр судалгаа, шинжилгээний ажил хийдэг, энгийн л нэг охин. “Тор”-ын эхний анги гарахын өмнө би эрдэмтэн эмэгтэйчүүдийн талаар олон ном уншиж, тэд яаж зовж шаналдгийг мэдэж авсан. Тиймээс ч Жейнийг ажилдаа маш их дуртай, бусад зүйлийг огт анзаардаггүй, түүнээсээ болоод этгээд болчихоогүй нэгэн болгож харуулахыг зорьсон. 

-Кинон дээр Жейн маш чөлөөтэй нэгэн байдаг. Торыг хармагцаа хоёр жил алга боллоо хэмээн алгадаад авдаг бол хорон санаат Локийг Нью-Йоркийг сүйтгэснийх нь төлөө алганы амт үзүүлдэг?

-Би өөрөө ч тэгж чадна.

-Намайг л битгий тэгээрэй дээ.

-Одоохондоо та буруу зүйл хийчхээгүй байна. Гэхдээ асуултаа болгоомжтой тавиарай даа. (Инээв.)

-Тор, Жейн хоёр хэзээ нэгэн цагт хэвийн харилцаатай болох болов уу?

-Торыг Бэтмен шиг уулзсан бүх охиноосоо салдаг амьдрал дагах байх гэж бодож байна. Гэхдээ Бэт­мен бол энгийн супер баатар. Харин Тор өөр галактикийнх, бас үхэшгүй мөнх. Тэр үргэлж залуу сайх¬наараа байх бол Жейн хөгширч л таарна. 

-Тиймээс л Жейн Ричард хэмээх дэлхийн энгийн залууг олдог байх нь?

-Бас нэг хувилбар. Би жүжигчин Крис О-Даудын шүтэн бишрэгч. Тэр үнэхээр сэтгэл булаам хүн. Ямар ч эмэгтэй түүнтэй уулзсандаа таатай байдаг байх. 

-Таны нөхөр Парисын дуурьт ажиллахаар болж, ирэх жил танайх Франц руу нүүх гэж байгаа гэсэн. Энэ шийдвэрийг та хэрхэн хүлээн авсан бэ?

-Амьдралд заримдаа зөвхөн өөртөө бус гэр бүлдээ чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог юм. Миний хувьд тийшээ нүүж очих үеийг тэсэн ядан хүлээж байна. Би Францад байх дуртай, тэнд ч аз жаргалтай байна гэж боддог. Продюсерууд надтай уулзахаар Францад ирэх шаардлагатай болох нь дээ. 

Гэхдээ Европ тив өдгөө анхаарлын төвд байна шүү дээ. Дэлхий ертөнц даяаршсан нэгэн тосгон болж хувирлаа. Бид хоорондоо нягт холбоотой байж, их ч аялж байна. Тиймээс нүүдэл суудлаас болж карьерт томоохон цохилт болно гэж бодохгүй байна. Тэгээд ч би Калифорнид байнга байж, хэн нэгэнд өөрийгөө батлах шаардлагатай жаахан охин биш. 

-Та Израиль, Америкийн давхар иргэншилтэй. Үүн дээрээ нэмээд Францын иргэн болох уу?

-Яагаад болохгүй гэж. Гурав гэдэг чинь азын тоо шүү дээ. (Инээмсэглэв.)

-Францад нөхөр тань ажлаа хийх зуур та үлгэр жишээ гэрийн эзэгтэй байж, Мерил Стрипийн тоглосон “Жули ба Жулия” кинон дээр гардаг шиг хоол хийх дамжаанд суралцах уу?

-Тэгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Нэгдүгээрт, би цагаан хоолтон болохоор хоолны жорны тал хувийг ашигладаггүй. Хоёрдугаарт, Мерилийн бүтээсэн баатар хүүхэдгүй байсан болохоор хоол хийж сурдаг. Харин миний хувьд бяцхан хүүгээ харах ажилтай. 

-Ээж боллоо гээд карьертаа бага ч болов завсарлага авахыг хүсэхгүй байна уу?

-Эх хүн байна гэдэг нөр их хөдөлмөр. Тийм болохоор ажлаа хийх нь амралтаа авснаас ялгаагүй гэж ямар ч ээж хэлэх байлгүй. (Инээв.)

-Та бүр бага байхаасаа л кино ертөнцөд карьераа эхэлсэн. Тиймээс Холливудад хэрхэн хөлөө олох талаар залуу жүжигчдэд зөвлөгөө өгөх байх?

-Бурхан минь, наад асуултад чинь хариулахад үнэхээр хүнд байна шүү. Дэлхий ертөнц маш их өөрчлөгджээ. Намайг алдар нэртэй болох үед хэн ч интернэт ашигладаггүй байлаа. Тэгэхээр би хэр хөгширсөн байж таарах вэ. Манайх л гэхэд компьютергүй байсан. 

Харин одоо интернэтэд бараг бүх зүйл өрнөж байна. Хүмүүс нэг ороод л онлайнаар алдартай болж байна. Сошиал медиаг хэтрүүлэн үнэлэх аргагүй. Миний үед бүгд өөр байлаа. Захидал гэхээр л дугуй, марк худалдан авах тухай ойлголттой байсан шүү дээ. Анх карьераа эхэлж байхад сургуулийнхан маань намайг юу хийдгийг бараг мэддэггүй байсан. Энэ нь ч надад амар бай­лаа.

Харин өнөөдөр 16 настайдаа алдаршсан хүмүүс амьдрахад үнэхээр хүнд болжээ. Хүссэнээрээ гадагш гарч, пицца худалдан авч ч чадахгүй. Би бүр Хлоя Моретц зэрэг охидыг хараад яаж энэ насандаа ийм тэвчээртэй байж чаддаг юм бол гэж гайхдаг шүү.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг