Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын багц хуулийн талаар таны мэдэх ёстой ТАВАН ӨӨРЧЛӨЛТ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Хуулийн энэхүү өөрчлөлтөөр татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн Татварын ерөнхий газар үзэж байгаа талаар өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр мэдэгдсэн юм. 

2018 оны Татварын албанд нийт 100,919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байжээ. Тэгэхээр үлдсэн 96.6 хувь буюу 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүд шинэ хуулийн зохицуулалтаар 1%-ийн татвар төлөхөөр болж байгаа юм.

 
Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Ингэхдээ олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж, татвараа 10%-аар нь төлөөд дараа нь 90%-ийг нь буцаан авах зарчмаар хөнгөлөлт эдэлнэ. Үүнд 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд хамаарна. Харин бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд 1%-аар албан татвар төлнө. 

 
Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Зарим гол өөрчлөлтөөс дурдвал:

               НЭГ. 50 тэрбум төгрөг татвар төлөгчдөд үлдэнэ

2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, 1%-аар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25%-аар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго 3 тэрбум байсныг 6 тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчдөд үлдэж, энэ хэмжээгээр төлөх татварын хэмжээ буурна хэмээн тооцжээ.

Харин компаниудын орлоыгн босго өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компаниуд бага татвар төлж, жижгэрэх эрсдлийг хаах үүднээс тухайлсан заалтыг оруулж өгсөн байна. Тодруулбал, тухайн компанийн харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийсэн гүйлгээний дүнг нэгтгэж тооцох юм байна. Энэ нь тухайн компанийн нийт орлогыг тодорхойлж, 1.0, 10, 25%-ийн татварын алийг төлөхийг ойлгомжтой болгох аж.  

              ХОЁР. Татвар төлөгчийн эрх ашиг илүү хамгаалагдана

Ингэснээр зөвхөн “эрсдэлтэй” гэж үзсэн татвар төлөгчийн тайлагнал нь үнэн зөв эсэхийг тогтоох татварын хяналт шалгалт хийх юм байна. Харин эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй. 

Түүнчлэн татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд “шийтгэлийн хуудас” биш “татварын нөхөн ногдуулалтын акт” бичдэг болсон нь татвар төлөгчийн дутуу тайлагнасан албан татварын зөрчлийг прокурорын байгууллага хянахгүй, зөвхөн татварын байгууллага шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Тодруулбал, Зөрчлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Татварын ерөнхий хуулийн дагуу байцаагч нар татварын акт болон дүгнэлтийг үйлддэг байсан. Харин одоо “нөхөн ногдуулалтын акт”  нэрээр биш “шийтгэлийн акт” гэдэг нэртэй болсон. Үүний үр дүнд аливаа шалгалтын актын дүн мэдээ прокурорт очсоноор прокурор хянаж баталгаажуулдаг системтэй байсан нь  Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, татварын  байцаагчаар шалгуулаад дууссан байхад ААН-ийг дахиад прокурор дээр очиход хүргэдэг хүндрэл үгүй болсон. 

Татварын маргаан таслах зөвлөл хоёр шатлалтай байсныг цөөрүүлж нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг бууруулж 4 жил болгосон, татварын өр төлөх хугацааг 2 сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болгон нэмэгдүүлсэн зэрэг нь татвар төлөгчийн эрх ашгийг илүү хамгаалсан зохицуулалт болжээ. 

       ГУРАВ. Татвар төлөх үүргээ биелүүлэхэд хялбар болно

Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд 4 удаа татварын тайлан тушаадаг байсан бол жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд 2 удаа, харин бичил татвар төлөгчид жилд 1 удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна. 

Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын 3 хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болох нь.

       ДӨРӨВ. Татварын алба ил тод болно

Татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг мэдээллийн технологид суурилах зарчмаар хангах болно. 

Түүнчлэн татварын алба анх удаа татвар төлөгчийн хүсэлтээр татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргахаар боллоо.

Түүнчлэн “олон улсын татварын хамтын ажиллагаа”-г хуульд тусгайлан тусгаж өгснөөр татвараас зайлсхийхтэй тэмцэх, бусад улсын татварын албатай мэдээлэл харилцан солилцох, татварын маргааныг шийдвэрлэх харилцан тохирох журмыг хэрэгжүүлэх асуудлыг хэрэгжүүлэх болж байгаа нь татварын албыг бусад улсын татварын албатай илүү хамтран ажиллахыг шаардаж байна.

        ТАВ. Татвараас зугатах боломжийг хумьсан

Өрөө төлөх татварын ногдол ашгаа төлөх хөрөнгө орлогогүй, мөн орлого нь 20 сая төгрөгөөс дээш байвал гадаадын иргэнийг хилээр гарах эрхийг нь хаах хүсэлтийг холбогдох байгууллагад нь явуулах талаар шинэ хуульд тусгасан. Дотоодын ААН-үүдийн хувьд өртэй мөртлөө өрөө төлдөггүй, тэгсэн мөртлөө өр төлөх хэмжээний хөрөнгө орлоготой, түүнийгээ өөр хэн нэгэн рүү шилжүүлээд байдаг. Яг төлөх болохоор өөрөөс нь авах зүйл юу ч байдаггүй. Ийм нөхцөлд татварын өртэйгөө мэдсээр байж ААН-ээ өөр хүнд шилжүүлсэн учраас шилжүүлсэн хоёрдогч этгээдээс уг татварыг авах юм. Энэ нь эргээд нийтийн эрх ашгийн төлөө хийж буй үйлдэл хэмээн үзэж байна.