Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Жилд гэрлэлтээ цуцлуулж байгаа 4.8 мянган гэр бүлийн ард дунджаар 10,000 хүүхэд байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллын талаар холбогдох байгууллагын төлөөллүүд дараах мэдээллийг өглөө. 

Энэ жилийн байдлаар улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд нийгмийн ажилтантай, сургууль, цэцэрлэгт нийт 1,500 гаруй эмчтэй байгаа юм байна. Мөн гурван сургууль тутмын хоёр нь мэргэжлийн сэтгэлзүйчтэй, 300 гаруй сургууль мэргэжлийн хоол зүйчтэй болжээ. 

Сүүлийн хоёр хичээлийн жилд сургуулийн хувьсах зардалд хүүхэд хамгааллын зардлыг тусгасан байна. 

Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас дараах тоон мэдээллүүдийг өглөө. 

  • Өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байна.
  • 108 утсанд жилдээ 103,000 дуудлага ирдгээс 30 гаруй хувьд нь хэрэг нээсэн. 
  • Гэртээ гэмтэж бэртэн, хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан хүүхдийн тоо 35,000-д хүрсэн.
  • Охидын төрөлт нийт төрж буй эмэгтэйчүүдийн 3.5 хувийг эзэлж байна. 
  • Үр хөндөлт хийлгэсэн 12-17 насны охидын тоо 560-д хүрсэн 
  • Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 12-17 насны хүүхдийн тоо 371-д хүрсэн 
  • 12-17 насны таван хүүхэд тутмын хоёр нь амиа хорлох талаар бодож үзсэн. 10 хүүхэд тутмын нэг нь оролдож үзсэн. 
  • Судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи татсан. Эцэг эх маань мэдээгүй байгаа гэж хариулсан. Мөн долоон хүүхэд тутмын нэг нь нэг ба түүнээс дээш удаа согтож үзсэн. 
  • Жилдээ МУ-д 17,8 мянган гэр бүл гэрлэлтээ батлуулж байгаа ч 4.8 мянган гэр бүл цуцлагдаж байгаагаас дунджаар 10,000 хүүхэд өнчирч, сэтгэл санааны тогтворгүй байдалд орж байна 

833 нийгмийн ажилтныг хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрхтэй болгохоор болжээ 

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 34 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажилладаг ч тэдгээр нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа айл өрхөд ороод шаардлага тавих эрхгүй байдаг юм байна. Иймд сум, хороо болгонд шинээр томилогдож байгаа 833 нийгмийн ажилтныг хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрхтэй болгож өргөн хүрээтэй шаардлага тавьж ажилладаг болгохоор болжээ.