Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эх хэлний мэдлэг, чадвараа сайжруулах хүсэлтэй хүн бүхэнд зориулсан ном

МОНСУДАР
2019 оны 5 сарын 2
Монсудар
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газрын эрхлэн гаргаж буй Суурь мэдлэг цувралын ээлжит шинэ ном болох “Монгол Хэл” саяхан хэвлэгдэж, худалдаанд гарсан байна. Суурь мэдлэг цувралын “Монгол хэл” номын зохиогч хэл шинжлэлийн докторант Ж.Хишигжаргалтай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 

- Энэхүү номыг гаргах болсон зорилго нь юу вэ? 

- Монсудар хэвлэлийн газрын сурах-сургах хэрэглэгдэхүүний Дидо редакцын санаачилгаар ерөнхий мэдлэгийн цуврал номуудыг гаргаж байгаа. Энэ цувралын хүрээнд байгалийн шинжлэх ухаан буюу Биологи, Математик, Физик зэрэг суурь мэдлэгийн номуудыг Германы Дүдэн хэвлэлийн газраас албан ёсны эрхийг нь авч, орчуулан гаргаж байгаа бол нийгмийн шинжлэх ухааны номуудыг нь ЕБС-ийн хичээлийн хөтөлбөр, сургалтын агуулга, арга зүйн зэрэг судалгаанд үндэслэн тухайн салбарынх нь эрдэмтэн судлаачидтай хамтран бид агуулгыг нь өөрсдөө боловсруулан эрхлэн гаргаж байна.
Ийнхүү уг төслийн хүрээнд ЭЕШ-ын материалуудыг судлан, сурах бичгийн агуулгад нийцүүлж, монгол хэлний ерөнхий суурь мэдлэгийг багтаасан цогц ном гаргахаар болсон  юм. Энэхүү ном 2 жилийн ажлын маань үр дүн болж, та бүхний гарт хүрч байгаа билээ.

- Номыг бүтээхэд ямар баг бүрэлдэхүүн ажилласан бэ? 

- Ном гаргах гэдэг бол хэдхэн сарын хугацаанд хийчихдэг хялбар зүйл биш учраас нэлээн цаг хугацаа, олон хүний хүч хөдөлмөр ордог. Бидний энэхүү номын агуулгыг бүхэлд нь нухацтай шинжилж, мэргэжлийн зөвлөгөөгөө харамгүй хайрласан хүн бол док. проф М.Базаррагчаа багш. Туршлагатай багшийн нарийн шүүлтүүрээр орсон ном доо. Мөн академич, док. проф. Д.Төмөртогоо, Монгол Улсын гавьяат багш, док. проф. Ц.Өнөрбаян багш нарын зэрэг нэртэй эрдэмтдийн багтай хамтран ажилласандаа баяртай байна. Ном бүтээх ажил хамтынх байдаг. Энэхүү номыг бүтээхэд хамтран ажилласан орчуулагч, редактор, эх бэлтгэгч болон "Хэл соёл", "Дидо" редакцын хамт олондоо талархаж байна.

- Монгол хэлний энэ номыг ЕБС-ийн элсэлтийн шалгалтад бэлтгэх лавлах гэж онцолж байсан. Ер нь өмнө гарч байсан монгол хэлний гарын авлагуудаас юугаараа ялгаатай вэ?

- Ялгаатай тал нэлээд бий. Хэлний талаарх онолын мэдлэгээс эхлээд хэрэглээний бодит жишээ хүртэлх монгол хэлний ерөнхий агуулга (суурь мэдлэг)-ыг бүхэлд нь багтааж чадсан гэж бодож байгаа. Мөн монгол хэл буюу эх хэлний хичээлийг бид ямар зорилгоор судалдаг, монгол хэлний хичээлийг судалсны эцэст ямар чадвар, чадамж эзэмшсэн байх ёстой, монгол хэл дэлхийн бусад хэлээс юугаараа ялгаатай, яаж үүссэн зэрэг мэдээллийг оруулж өгснөөрөө ач холбогдолтой. Үүнийгээ харин ойлгоход энгийн хялбар байдлаар тайлбарлаж, жишээ баримт сэлтээр баяжуулан, хэрэглэгчдэд хүргэхэд илүү анхаарсан.

Ер нь энэ ном маань Суурь мэдлэг цувралын гол баримталж буй "энгийн, ойлгомжтой байх" зарчмыг харгалзсан. Мөн өдгөө хэрэгжиж буй сургалтын цөм хөтөлбөр сурагчдад хэрэглээний мэдлэг олгоход түлхүү анхаарах болсон. Тиймээс ч энэхүү лавлахдаа хэрэглээний эхүүдийг тусдаа том бүлэг болгон дэлгэрэнгүй тайлбарлаж, жишээгээр баяжуулан оруулсан. Энэ нь багш, оюутан, сурагчдад чухал гарын авлага болох юм. Өргөдөл, хүсэлтээ бичиж чаддаггүй хүн гуйгаад явдаг хүмүүс бий шүү дээ. Төрийн албанд ороход 3 үеийн намтар шаарддаг. Гэтэл бүгд намтраа бичиж чаддаг билүү. Энэ мэтчилэн амьдралд хэрэгцээтэй олон зүйлийн бэлэн хариуг эндээс мэдэж болно. 

Номын хавсралт хэсэгт "Бүтээврийн олон хэлбэр" гэсэн бүлэг бий. Энд монгол хэлний бүхий л бүтээврийг нэг бүрчлэн тайлбарласан байгаа. Сурагчид үг зүйн задлал хийхдээ ижил хэлбэртэй дагавар, нөхцөлийг ялгахгүй андуурах тохиолдол их байдаг. Тэгвэл "харуулаас" хэмээх үгийг бүтцээр зааглаж чадлаа ч "-уул" нь бусдаар үйлдүүлэх хэв үү, нэр үг бүтээх дагавар уу гэсэн эргэлзээгээ энэхүү хүснэгтээс харж, дахин андуурахгүйгээр мэдэж авах боломжтой болж байгаа юм. Энэ нь монгол хэл сонирхон судалдаг гадныханд ч чухал чиг баримжаа болно гэдэгт итгэлтэй байна. 

- ЕБС-ийн элсэлтийн шалгалтын агуулгад монгол бичиг, уран зохиолын мэдлэгийг шалгах сорил багтдаг. Гэтэл энэхүү номд зөвхөн монгол хэлний мэдлэгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн мэт санагдаж байна. Энэ тухайд? 

- Тийм ээ. 3 агуулга багтдаг. Энэхүү лавлах номд монгол хэл болон монгол бичгийн агуулгыг бүрэн багтаасан байгаа. Уран зохиолыг тусдаа ном болгохоор одоо ажиллаж байна. Энэ бүх агуулгыг 1 номд багтаах гэвэл нүсэр болохоос гадна зарим ойлголтыг товчлохоос өөр аргагүйд хүрэх юм билээ. Тиймээс бүрэн агуулга бүхий дараагийн тусдаа цуврал байх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Удахгүй уран зохиолын лавлахаа та бүхэндээ хүргэх болно.

- Уг номыг бүтээхэд ямар нэгэн саад бэрхшээл байсан уу?

- Энэхүү лавлахаа гаргахын тулд 2 жил гаруй ажилласан гэж дээр хэлсэн. Их ч судалгаа хийсэн. Учир нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, үе үеийн 1-12 ангийн монгол хэл, монгол бичгийн сурах бичиг, ЭЕШ-ын материалууд, бусад гарын авлага, хэрэглэгдэхүүн зэргийг тун хариуцлагатай судлахаас гадна хүмүүст хэрэгцээтэй, ойлгоход амар хялбар, энгийн байлгах талаас нь маш их анхаарсан.

Эцэст нь хэлэхэд, монгол хэл бичгийн өргөн агуулгыг цогцоор нь багтааж, энгийн хялбар ойлголт өгөх зорилготой бүтээсэн уг лавлах зөвхөн сурагч, монгол хэл уран зохиолын багш, оюутнаар хязгаарлагдахгүй Монгол хэлний ерөнхий суурь мэдлэг, чадвараа сайжруулъя гэсэн хэн бүхэн ширээний номоо болгоосой гэж хүсэж байна. 


Номын тухай: http://www.monsudar.mn/books/view/336/

Суурь мэдлэг цуврал: http://www.monsudar.mn/books/?ser_id=17