Дэлхий нийт хүн амын 2.4 тэрбум хүн нь сайжруулаагүй жорлонг хэрэглэж байна.
Үүнээс өдөр бүр 1,000 орчим хүүхэд суулгац өвчнөөр хорвоог орхиж, олон мянган охид, хөвгүүн сайжруулаагүй ариун цэврийн байгууламжаас болж суралцаж чадахгүйд хүрдэг гэх олон улсын судалгаа бий.
Ялангуяа хөдөө орон нутагт болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувьд гадаах жорлон нь тэдний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангаж чадахгүйгээс болж хүүхдүүд сурах эрхээ бүрэн эдэлж чадахгүйд хүрч байна хэмээн “Монголын Багш-Эцэг эхийн холбоо” ТББ-ын тэргүүн А.Отгончимэг хэллээ.
Тиймээс тус ТББ Францын Люксенбургийн "Падем" Олон Улсын байгууллагатай хамтран "Хөдөө орон нутгийн сургууль, дотуур байранд сайжруулсан ариун цэврийн байгууламж барьж байгуулах төсөл"-ийг Төв аймгийн Баянхангай сумын орон нутгийн удирдлага, сургуулийн хамт олон, эцэг эх, сурагчдын оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлсэн байна.
Өнгөрсөн Баасан гарагт нээлтээ хийсэн тус төслийн арга хэмжээг сурвалжиллаа.
Төв аймгийн Баянхангай сумын ерөнхий боловсролын сургууль нийт 226 хүүхэд, 54 багш, ажилтантай.
“Сургууль, дотуур байрны сайжруулсан ариун цэврийн байгууламж барьж байгуулах төсөл”-ийг яагаад хэрэгжүүлэх болсон талаар “Монголын Багш-Эцэг эхийн холбоо” ТББ-ын тэргүүн А.Отгончимэг "Бид төслөө хэрэгжүүлээд үр дүнг нь мэдэрч байгаадаа маш их баяртай байна. Төслийн хувьд дараах онцлогтой.
Төсөл анх хэрхэн хэрэгжих болсон талаар Төв аймгийн Баянхангай сумын сургуулийн захирал Б.Дуламжав “Манай сургуульд өнөөдрийн байдлаар 226 орчим хүүхэд суралцдаг. 2018 оноос эхлээд "Падем" олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хүүхдэд ээлтэй ариун цэврийн байгууламжийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдэж чадлаа.
Дотуур байрны хүүхдүүдэд маань тулгамддаг асуудал шийдэгдэж гадагш гарч бие засахгүй, хүссэн үедээ усанд орж ариун цэврээ сахих боломжийг нээж өгсөн. Өмнө нь гадаа ариун цэврийн байгууламжтай үед өвлийн цагт 00-ийн өрөөг цэвэрлэж ариутгах, хүүхдүүд бие засахдаа нимгэн хувцастай гарч ханиад хүрч, багш нар бие засаж амжихгүйггэс болж уух зүйлээ багасгадаг зэрэг тулгамдсан асуудал одоо ард үлдлээ. Бүх аймаг, сумын хүүхдэд ийм цэвэр, аюулгүй орчин бүрдэх ёстой гэж бодож байна” гэв.
Харин уг төслийн гүйцэтгэгчээр ажилласан "Падем" Олон Улсын байгууллагын төслийн техникийн зөвлөх Кевин Махе "“Падем" нь дэлхийн 13 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага. Анх хүүхдүүдэд туслах зорилгоор байгуулагдсан. Монголд 2005 оноос хойш төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ орон нутгуудын төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг.
Харин 2018 оны тавдугаар сараас эхлэн Abbe Pierre сангийн санхүүжилтаар орон нутгийн дөрвөн төрийн бус байгууллагатай хамтран иргэдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ удаагийн төслийг хэрэгжүүлэхэд эхний хоёр жилийг судалгаанд зориулж гурав дахь жилдээ буюу 2018 оны аравдугаар сарын 16-нд бүрэн ашиглалтад оруулсан. Төслийн зорилго нь нэг л газар ариун цэврийн барилга байгууламж бариад дуусах биш бусад газар нь санаа авч хэрэгжүүлэхэд оршино.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бэрхшээлээ даван туулахад нь хүртээмжтэй байдал, амьдрах нөхцөлийг нь сайжруулчихвал тийм ч хүнд асуудал биш гэж боддог. Бас төсөл дээр ажиллах явцдаа нэг анзаарагдсан зүйл нь Монгол Улс цаг уурын хувьд их онцлогтой. Тиймээс аливаа техникийн шийдэл гаргахдаа цаг агаарын байдлыг харгалзаж шийдэх хэрэгтэй" гэж байв.
Дэд бүтцийн шийдэлд холбогдож чадаагүй модон жорлонтойгоос болж орон нутгийн сургуулийн сурагчид идэх хоол, уух ундаа сойх, нимгэн хувцастай бие засахаар гарснаасаа болж ханиад хүрэх, гэдэсний халдварт өвчин тусах, хичээлийн дундуур гарч бие засахдаа удаан хугацаа зарцуулах гэх мэт бэрхшээлтэй олон зүйл орчин үед ч байсаар буй.
Зөвхөн амьдарч буй газраасаа шалтгаалан ийнхүү ялгаатай хэрэгцээ байсаар байна. Харин үүнийг шийдэхийн тулд ТББ, олон улсын байгууллага, зарим хувийн хэвшлийнхэн хичээн ажилласаар байгаа нь сайшаалтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!