Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний гурван сард гадаад худалдаа $485.9 саяын ашигтай байв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 3.06 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.0 хувиар буюу 444.5 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж, экспорт импортын зөрүү 485.9 сая ам.доллараар эерэг гарсан байна.
 
Монгол Улс 2019 оны эхний гурван сард дэлхийн 122 улстай худалдаа хийснээс 54 улсад бараагаа экспортолж, 119 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

Чулуун нүүрсний 97.7%-ийг БНХАУ руу гаргасан байна

Экспорт 1.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 289.3 сая ам.доллараар буюу 19.5 хувиар өссөн байна.
             
Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 11 хэсгийн барааны үнийн дүн өсжээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 226.4 сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 71.5 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 5.8 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
 
Эрдэс бүтээгдэхүүний экспорт:
 
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 82.1 хувийг эзлэж байна.
 
2019 оны эхний гурван сард 641.7 сая ам.долларын 7.7 сая тонн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 132.3 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.12 сая тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 77 ам.доллар байсан бол энэ онд 83 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 97.7 % БНХАУ руу гаргасан байна.
 
2019 оны эхний гурван сард 361.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.7 мян.тонноор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,369.7 ам.доллараас 1,393.9  ам.доллар болж, 24.2 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний гурван сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 462.5 сая ам.доллар байсан бол тайлант сард 503.7 сая ам.доллар болжээ.
 
Боловсруулаагүй нефтийн экспорт 1,620.6 мянган баррель буюу 87.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 10.5 мянган баррелаар, үнийн дүнгээр 13.2 сая ам.доллараар тус тус бага байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 61.9 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 54.2 ам.доллар болж буурчээ.
 
Төмрийн хүдрийн экспорт 2,071.8 мянган тонн буюу 106.5 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 630.9 мянган тонноор, үнийн дүн нь 42.6 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 51.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.0 ам.доллараар өссөн байна.
 
Цайрын баяжмал:  2019 оны эхний 3 сард 43.9 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1,424.6 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 405.1 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 62.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.5 сая ам.доллараар нэмэгджээ.
 
2019 оны эхний 3 сард 40.6 сая ам.долларын 110.6 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 32.3 мянган тонноор, үнийн дүнгээр 15.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 366.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 46.9 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 32.3 хувь ОХУ-д, 67.1 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.
 
Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 11.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 7,195.9 ам.доллараас 8,533.0 ам.долларт хүрч, 1,337.1 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 3 сард 1,395.8  тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 10.9 тонноор бага байна. Молибдены баяжмалын 83.6 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

5,700 тн адууны мах экспортолжээ

2019 оны эхний 3 сард 4,665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,715.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,143.2 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 145.2 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 71.6 сая ам.доллараар өсчээ.
 
2019 оны эхний гурван сард 5.7 мян.тонн адууны мах, 733.1 тн хонь, ямааны мах, 364.3 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.
 
Экспортын бүтцийг гуравдугаар сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 83.5 хувь эрдэс бүтээгдэхүүнь үүнд; 11.1 хувь алтны экспортод, 1.8 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногдож байна.
 
 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар