Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн засгийн газар 100 жилийн өмнө Энэтхэгт үйлдсэн хядлагынхаа төлөө уучлал гуйна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 100 жилийн өмнө Энэтхэгт олон зуун энгийн иргэний амийг бүрэлгэсэн харгис үйлдлийнхээ төлөө уучлал гуйх талаар засгийн газарт нь идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байгааг Их Британийн сайд өчигдөр мэдээлжээ.

1919 оны дөрөвдүгээр сарын 13-нд өнөөдрийн Энэтхэгийн умард бүсийн Амритсар хотод колоничлолын дэглэмийг эсэргүүцэн цугларсан гар хоосон иргэд рүү Британийн цэргүүд гал нээж байсан юм. 

Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн 400 орчим хүн алагдсан тухай колоничлолын засаг захиргааны бичиг баримтад өгүүлсэн байдаг. Харин Энэтхэгийн засгийн газар хохирогсдын тоог бараг 1,000 хүрсэн гэж үздэг юм.

Удахгүй энэхүү эмгэнэлт үйл явдлын 100 жилийн ой тохиох гэж байна. 2013 онд тухайн үед Британий ерөнхий сайд байсан Дэвид Камерон Энэтхэгт айлчлахдаа Амритсарын хядлагыг “ичгүүртэй явдал” гэж нэрлэж байсан ч уучлал гуйгаагүй өнгөрсөн юм.

Харин өчигдөр Лондонд болсон хэлэлцүүлгийн дараа Британий гадаад хэргийн сайд Марк Фелд уг үйл явдлыг “манай түүхийн хамгийн ичгүүртэй явдлуудын нэг, өнөөдрийг хүртэл бидний хамгийн их харамсдаг зүйлсийн нэг” гэж тодорхойлжээ. Хэлэлцүүлэгт оролцогсод Британийн засгийн газар харамсахаас уучлал гуйх үе шат руу шилжих цаг нь болсон гэж дүгнэсэн байна.

Тэрээр албан ёсоор уучлал гуйх талаар ерөнхий сайдтай зөвшилцөхөөр болсноо хэлсэн юм. Үүний дараа Британийн засгийн газрын төлөөлөгч Амритсар хотод зочлон хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөх бөгөөд засгийн газар албан ёсоор олон нийтийн өмнө уучлал гуйх болно гэж сайд мэдээлжээ.

Хядлагын 100 жилийн ойг тохиолдуулан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ Бямба гарагт Амритсар хотод зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: AFP