Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Японы F-35 сөнөөгч онгоц сураггүй болсон нь АНУ-ыг айлгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Номхон далайд сургуулилтын нислэг гүйцэтгэж байсан нэг нисгэгчтэй Японы F-35A сөнөөгч онгоц сураггүй болжээ.

Радарт илрэхгүй нисэх чадвартай энэхүү онгоц оройн 07:30 цагийн орчимд Аомори мужийн Мисава хотоос зүүн зүгт 135 км зайд сураггүй болсныг Японы батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Онгоц осолдсон эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Саяхнаас Японы зэвсэгт хүчин тус бүр нь $90 саяын үнэтэй F-35A онгоцоор хуучирсан F-4 загваруудаа сольж байгаа юм. Онгоц сураггүй болсны дараа үлдсэн 12 ширхэг F-35A сөнөөгч онгоцнуудаа Японы тал газардуулсан байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Номхон далайд унасан онгоцыг Орос, Хятадын тал түрүүлж олж авбал АНУ-ын агаарын хүчинд том хохирол болох гэнэ.

Учир нь F-35 сөнөөгч онгоцны технологи хамгийн шилдэгт тооцогддог тул өрсөлдөгч гүрнүүдэд том давуу тал бий болох ажээ.

F-35 онгоц өмнө нь ганцхан удаа осолдож байсан нь АНУ-ын нутаг дэвсгэрт болсон юм. Тиймээс энэ удаагийн осол Хятад, Оросын талд маш том боломж олгож байна.

Хэрвээ унасан онгоцыг түрүүлж олбол тэд “reverse engineering” буюу хуулбарлах аргаар F-35-тай төстэй сөнөөгч онгоц бүтээх боломжтой.

“Усанд унахдаа онгоц хэр их эвдэрснээс хамаарч Орос, эсвэл Хятадын талд олдох боломж хэмжигдэнэ” гэж Royal United Services хүрээлэнгийн агаарын зэвсгийн мэргэжилтэн Жастин Бронк ярьсан байна.

Номхон далайн бүсэд Орос, Хятад улсуудын шумбагч хөлгүүд байнга тагнуул, судалгаа шинжилгээний ажиллагаа явуулж байдаг тул онгоцыг түрүүлж олох магадлал өндөр байгаа ажээ.

Ялангуяа F-35 онгоцыг радарт илрүүлдэггүй гадаад бүрхүүлийн технологи өрсөлдөгч гүрнүүдэд том олз болох гэнэ. 

 

Эх сурвалж: AFP, Business Insider