Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батсайхан: Банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа дуусгавар болсны дараа харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголбанк “Капитал” банкийг татан буулгах шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр тус банкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайханаас зарим зүйлийг тодруулсан юм. 

- Монголбанкнаас Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргалаа. Чухам ямар шалтгааны улмаас банкийг татан буулгахад хүрсэн бэ?  

- Банкны Хяналт шалгалтын хороо 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хурлаар Капитал банкны асуудлыг авч хэлэлцсэн. Капитал банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.5 хувь болсноор харилцагчийн анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гарган өгч чадахгүй болсон байна. Иймд харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үүднээс Банкны Хяналт шалгалтын хорооноос Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж хүргүүлсний үндсэн дээр Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагч томилсоныг мэдэгдэж байна. Тус банкны чанаргүй зээл одоогоор 208 тэрбум төгрөг байгаа. Банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбумд хүрсэн.

Монголбанкны Хяналт шалгалтын дүгнэлтээр цаашид тус банк үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй гэж дүгнэсэн тул банкийг албадан татан буулгах шийдвэр гаргалаа. 

- Өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас тус банкинд ямар арга хэмжээ авч байсан бэ? 

- Өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Капитал банкинд хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч ирсэн хэдий ч банкны хэвийн үйл ажиллагааг хадгалж үлдэх боломжгүй гэж дүгнэсэн. 

- Хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу иргэдийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж, харилцах даатгагдсан. Харин түүнээс дээших мөнгөн дүн бүхий харилцах, хадгаламж эзэмшигчид хохирлоо хэрхэн барагдуулах вэ?     

- Хадгаламжийн даатгалын корпорациас тус банкны даатгалд хамарч буй 20 сая хүртэлх төгрөгийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулахаар шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагч аль болох богино хугацаанд Капитал банкны санхүүгийн тайлан тэнцэл, хөрөнгийг баталгаажуулан хүлээн авна. Энэ хүртэлх хугацаанд Капитал банкнаас үзүүлж байсан бүх төрлийн үйлчилгээг зогсоосон.

Харин түүнээс хойших хугацаанд Банкны эрхийг хүлээн авч дууссаны дараа Банкны эрх хүлээн авагч даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу барагдуулахаар ажиллана. Дашрамд хэлэхэд, тус банкнаас зээлтэй иргэд графикийнхаа дагуу зээлийн төлбөрөө төлдөг дансандаа төлсөн хэвээр байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.