Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Капитал Банканд байршиж байсан НДС-гийн мөнгийг барагдуулах графикийг ойрын хугацаанд гаргана"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Капитал Банкийг татан буулгах шийдвэрийг өчигдөр Монголбанкнаас танилцуулсан билээ. Тус банканд иргэдийн хадгаламжаас гадна төрийн тусгай сангуудын хөрөнгө мөн байв. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 101 тэрбум төгрөг Капитал Банканд байршиж байжээ. 

Ийнхүү Банкийг татан буулгаснаар Нийгмийн даатгалын санд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдлээ. Тэрбээр, “2009 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Капитал банканд байршуулж эхэлсэн байдаг. Намайг сайдаар томилогдох үед тус сангийн чөлөөт үлдэгдэл болох 280 тэрбум төгрөгийг Капитал Банканд байршуулсан байсан.

Харин би ажлаа хүлээн авснаасаа хойш нэг банканд ихээр байршиж буйг өөрчлөхийг зорьсон. Ингэснээр 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон байлаа. Ойрын хугацаанд эрх хүлээн авагч болсон Монголбанктай хамтран энэ мөнгөн дүнг ямар хугацаанд хэрхэн барагдуулах тухай график төлөвлөгөөг гаргана” хэмээв.  

Мөн Капитал банканд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үлдэгдэл 1.2 тэрбум төгрөг байжээ.