Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох зарлиг гаргасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо.
Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм.
Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан бүр анхаарал хандуулж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захиад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцохдоо хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцрууллаа.
Б.Амгаланбаатарыг огцруулсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газрын албан хаагчдад өнөөдөр танилцуулав.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!