Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд таван ханатай гэр, 3х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 02:34 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Тус дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай таван км замыг туулан 02:42 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Б /58 настай, эмэгтэй/, А /Ой 6 сартай, эмэгтэй/ нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогоор холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Онцгой байдлын албанд өдөр ирж буй нийт дуудлагын 90 хувийг объектын гал түймэр эзэлж байна. Мөн ойрын өдрүүдэд шар өвс шатааж, гал алдсаны улмаас ой, хээрийн түймэр энэ сард хоёр удаа гарчээ. Тодруулбал, энэ сарын 18-нд Толгойтын зүүн салаа Богинын ам буюу "Төгөл" амралтын газрын орчимд дөрвөн га газар хамарсан хээрийн түймэр гарсан бол мөн хоёр хоногийн өмнө Шадивланд хээрийн түймэр гарч, 10 га газрыг хамарсан тухай албаныхан мэдээллээ.
Тиймээс хуурайшилт их байгаа энэ үед иргэдийг сонор сэрэмжтэй байж, амралт зугаалгаар явахдаа гал гаргахгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|