Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн 127 улс гялгар уутны хэрэглээтэй холбоотой зохицуулалттай болсон ч бодит үр дүнгээ өгч байгаа эсэх нь эргэлзээтэй

О.Булган, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд байгаль орчин, далай тэнгис дэх хуванцар хог хаягдал болон түүний бохирдол огцом нэмэгдэж, хүрээлэн буй орчин болоод ан амьтдын амьдралд сөргөөр нөлөөлж буй талаар ихэд яригдсаар байгаа билээ.

Жил бүр найман сая орчим тонн гялгар уут далай, тэнгист хаягддаг гэсэн тооцоо байдаг. Ихэнх хүмүүс хог хаягдлаа өөрсдөөсөө холдуулж, хаа нэгтээ хаячихвал түүнээс салж, асуудлаа шийдчихлээ гэж боддог.

Гэвч бид далай, тэнгис дэх хуванцрын бохирдолд өртсөн далайн амьтад болоод далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээр өөрсдөө ч хордож байгаа гэсэн судалгааг ч судлаачид гаргаад байна.

Тухайлбал, сүүлд олон улсын судлаачдын гаргасан нэгэн судалгаагаар Япон, ОХУ болон Европын улсуудын зарим иргэдийн ялгадсаас гялгар уут болон хуванцрын хаягдал гарсан нь тогтоогдоод байгаа юм.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс сүүлд гаргасан мэдээллээр дэлхийн 127 улс өнгөрсөн оны долоодугаар сараас хойш гялгар ууттай холбоотой ямар нэгэн шинэ зохицуулалт гаргаж, хэрэгжүүлээд буйг онцлон танилцуулаад байна.

Эдгээр шинэ зохицуулалт гаргасан улсад Молдав, Узбекистан, Румын, Вьетнам, Монгол зэрэг улс багтаж байгаа бөгөөд эдгээр улсын гаргасан зохицуулалт хоорондоо харилцан адилгүй, зарим нь гялгар уутыг тэр чигээр нь халах эсвэл төрөл төрлөөр нь ангилах зэрэг хязгаарлалт хийгээд байгаа аж.

Хэдий дэлхийн ихэнх улс ийнхүү гялгар уут, хуванцрын хэрэглээтэй холбоотой ямар нэгэн хязгаарлалт тогтоогоод байгаа хэдий ч байгаль орчинд үзүүлж буй үр нөлөө багасаагүй, ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байгааг олон улсад онцлон тэмдэглээд байгаа юм.

Үүний гол шалтгаанаар:

1. Улс орнууд гаргасан зохицуулалт, дүрэм журмаа урт хугацаанд мөрдлөг болгож ажиллаж чаддаггүй

Гялгар ууттай холбоотой зохицуулалт гаргасан улсуудаас 55 нь гялгар уутны үйлдвэрлэлээс эхлүүлэн борлуулалт хүртэлх шат, дамжлага дээр зохицуулалт хийж чадсан байна. Харин үлдсэн улсууд нь гялгар уутны төрөл зүйлээс хамаарсан эсвэл импорт, экспортыг хязгаарласан зохицуулалт гаргасан нь хангалтгүй байгааг илтгэжээ.

2. Хэсэгчилсэн зохицуулалт

Улсуудын гаргасан зохицуулалт нь гялгар уутыг бүр мөсөн халах бус харин хэсэгчилсэн байдлаар төрөл зүйл, өнгө болон өргөн зузаанаар ангилсан зохицуулалт гарган мөрдөж байгаа аж. Тухайлбал, Франц, Энэтхэг зэрэг бусад улс хэсэгчилсэн зохицуулалт хийсэн бөгөөд 50 микроноос нимгэн гялгар уут хэрэглэхийг хориглосон шийдвэрийг дагаж байгаа аж.

3. Гялгар уутны үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон улс ховор байна

Хэдий иргэд, худалдан авагчдыг гялгар уутны хэрэглэхээс хориглож байгаа ч гялгар уутны үйлдвэрлэл зогсохгүй, зах зээлд гарсаар буй нь эдгээр зохицуулалтууд тийм ч үр дүнтэй бус байгааг илтгэж байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд нэг удаагийн гялгар уутны хэрэглээ болон үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн ба үүнээс харахад бид бүхэн гялгар уутны хэрэглээгээ түргэн хугацаанд багасгах нэн шаардлагатай байгаа юм.

 

 

Эх сурвалж: World Economic Forum