Австралийн засгийн газар өнөөдөр жилд хүлээж авах цагаачдын тоогоо бууруулж, цагаачдын зарим хэсгийг нь том хотуудад суурьшуулахгүй байх арга хэмжээ авсныг зарлажээ.
Сүүлийн жилүүдэд Австралийн том хотуудын хүн амын нягтрал хэт нэмэгдсэнээс замын түгжрэл, орон байрны үнэ эрчимтэй өсөөд байгаа. Үүнд цагаачдын механик урсгал голлон нөлөөлж байгаа гэдэг. Тиймээс жилд авах цагаачдын тоогоо ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн 190,000-аас 160,000 болгон бууруулах шийдвэр гаргасныг Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр нийслэл Канберра хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ.
Үүнээс гадна мэргэжлийн ур чадвараар шалгарч Австралид цагаачлах эрх авсан гадаадын иргэдийг эхний гурван жилд Мелбурн, Сидней, Перт, Голд Кост хотуудад суурьшихыг нь хориглохоор болсон байна.
Ажил олгогч байгууллага нь хүн ам хэт төвлөрсөн хотуудаас гадна бүс нутагт цагаач мэргэжилтнүүдийн ажиллаж, амьдрах боломжийг хангах үүрэг хүлээх ажээ.
Харин Австралид түр оршин суух буюу оюутны визээр ирэгсдэд ямар нэг хязгаарлалт тавиагүй байна.
Олон нийтийн дунд рэйтинг муутай байгаа ерөнхий сайд Скотт Моррисоныг ирэх тавдугаар сард болох сонгуулийг угтаж ийм популист арга хэмжээ авч байна гэж дүгнэх хүмүүс байгаа юм. Үүнээс гадна саяхан Шинэ Зеландад гарсан цуст халдлага цагаачдын тоог бууруулахад хүргэсэн гэж таамаглах хүмүүс ч байна.
Харин Скотт Моррисон австраличуудын хувьд тулгамдаад байгаа хүн амын хэт төвлөрлийг сааруулах практик алхмыг нь улстөржүүлэхгүй байхыг уриалсан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!