Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Итгэл: Хоёрхон жилийн өмнө MIT бол миний мөрөөдөл байсан. Харин өөртөө итгэснээр мөрөөдөлдөө хүрлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
 

-Олимпиадад бэлдэж оролцож ирсэн нь нөгөө талаараа миний MIT-ийн шалгалтын бэлтгэл болсон-

"Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл Массачусетсийн технологийн институт буюу MIT-д тэнцсэн баяртай мэдээг танд дуулгая. Математик, физикийн улсын болон олон улсын олимпиадуудад тогтмол оролцдог нь түүнийг MIT-д тэнцэхэд чухал нөлөө үзүүлсэн хэмээн тэрбээр ярилаа. Мөн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэхээр бэлдэж буй хүмүүст хандан өөртөө итгэн, өөрийгөө олж нээхийг Д.Итгэл захьсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Юун түрүүнд дэлхийн шилдэг их сургуулийн нэг болох MIT-д тэнцсэнд баяр хүргэе. Шалгаруулалтад хэрхэн бэлдсэн талаараа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. MIT-д элсэхийн тулд зургаан сар гаруйн хугацаанд эрчимтэй бэлдсэн. Хамгийн чухал нь эссэ байдаг учраас өөрөө эхэлж бичээд, олон хүнээр зааж зөвлүүлсэн. Ихэнх сургууль 650 үгтэй эссэ болон нэмэлт эссэнүүд шаарддаг бол MIT 6-7 орчим тусдаа эссэ авдаг. Тиймээс эссэнүүдээ чанартай сайн бичихийн тулд бүгдийг нь нэг өдөрт бичиж, нооргоо гаргаад гар утас, зөөврийн компьютертээ хадгалсан. Ингэснээр зав чөлөөтэй болсон үедээ өөрт аль ойр байгаагаа засаад л байсан. Нэлээд их засаж, сайжруулж байсан учраас анхны эссэнээсээ тэс өөр болсон. 

Мөн сургуульд элсэхийн тулд TOEFL эсвэл SAT өгсөн байх ёстой. Үүн дээр нэмэлтээр хоёр хичээлээр шалгалт өгдөг. Миний хувьд математик болон физикийн хичээлээр шалгалт өгсөн.

-Эссэ бичихэд зөвхөн өөрийгөө л илэрхийлэх ёстой гэж ихэнх хүн зөвлөдөг. Гэтэл өөрийгөө хэрхэн оновчтойгоор илэрхийлэх вэ гэдэг нь ур чадвар шаардсан асуудал. Чиний хувьд өөрийгөө илэрхийлэхийн тулд ямар арга барил ашиглав?

-Зөвхөн өөрийгөө нэмэлт хачиргүйгээр тодорхойлж харуулах ёстой. Гэхдээ өөрийнхөө ямар зан чанарыг илүү гаргамаар байна, түүн дээрээ төвлөрөх хэрэгтэй. Жишээлбэл, би шударга гээд л бичиж болохгүй. Жишээнүүдээр баталж, тойруу замаар бичээрэй гэж багш нар маань зөвлөж байсан. Юунд дуртай вэ гэхээр шууд л хариулах биш, дуртай зүйлээрээ дамжуулан өөрийн зан чанарыг харуулах хэрэгтэй. Хоосон эссэ байж болохгүй.

-MIT-д тэнцэхэд гол хөшүүрэг нь юу байсан гэж бодож байна вэ. Өөрөөр хэлбэл, энэ сургууль чамайг яагаад сонгосон бэ?

-Олон хүн тусалж, зөвлөсөн болохоор миний эссэ сайн байсан байх. Мөн олимпиадуудад тогтмол оролцож ирсэн маань их ордог нь нөлөөлсөн болов уу. Олимпиадад бэлдэж оролцож ирсэн нь нөгөө талаараа миний MIT-ийн шалгалтын бэлтгэл болсон. Мөн ихэнх хүн TOEFL, SAT шалгалтын оноогоороо өөрийгөө хязгаарладаг. Энэ нь буруу. Яагаад гэвэл тухайн авсан оноо нь сургуульд тэнцэх, тэнцэхгүйн баталгаа биш шүү дээ.

Эхлээд өөрийгөө хэр сайн илэрхийлж эссэ бичсэнийг, дараа нь хэлний оноог хардаг. Тэгэхээр томоохон сургуулиуд өөрийн тань шалгалтын оноог чухалчилж харахгүй, та үнэхээр хүсэл зорилготой, сайн эссэ бичсэн бол асуудалгүй гэдгийг хэлмээр байна.

-Ямар чиглэлээр суралцах вэ?

-Биотехнологийн инженерчлэл чиглэлээр, тэр дундаа “Material science”-аар сурахаар төлөвлөж байна. Энэ нь шинэ төрлийн материал зохион бүтээдэг шинжлэх ухааны салбар гэж ойлгож болно. 

-Түрүүн олимпиадуудад оролцдог гэж хэллээ. Амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

-2018 оны дөрөвдүгээр сард Италид болсон Европын охидын олимпиадаас хүрэл медаль, тавдугаар сард нь Вьетнамд болсон Азийн физикийн олимпиадад оролцсон. Түүнээс гурван жилийн өмнө, есдүгээр ангид байхдаа Тайландад болсон математикийн олимпиадад оролцож тусгай байрын шагнал хүртсэн. 

 

-Олон улсын олимпиадад оролцохын тул ямар шалгуур хангасан байх шаардлагатай вэ?

-Дотооддоо болдог хот, улсын чанартай олимпиадад амжилттай оролцсон дүн болон олон улсын олимпиадын сорил шалгалтын дүнг нэгтгэдэн байр эзлүүлснээр эхний 5-8 байрыг шалгаруулдаг. Үүнд багтсанаар олон улсын олимпиадад оролцох боломж нээгддэг.  

-Олон улсын олимпиадад оролцохын тулд мэдээж хэлний мэдлэг чухал байх. Хэлээ хэрхэн сайжруулж байсан бэ?

-Би “Сант” сургуульд сурдаг. Манай сургууль хоёрдугаар ангиас эхлээд англи хэл заадаг учраас хэлний түвшин гайгүй байсан. Харин сургуульдаа элсэхээр материалаа бүрдүүлж эхэлсэн хугацаа буюу зургаадугаар сараас англи хэлээ бүр эрчимтэй давтсан. Бүх зүйлээ англи болгосон. Нэг ёсондоо өдөр тутмын амьдралын хэв маягаа англи хэлтэй салшгүй холбосон. Наанадаж дуу сонсохдоо зөвхөн англи дуу сонгож, англи хэл дээр л кино үзэх гэх мэтчилэн орчноо англи хэлээр баяжуулахаар аяндаа сурчихдаг. 

-“Сант” сургуулийн төгсөгчид дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэнцэн суралцах зэргээр үргэлж амжилт арвинтай байдаг нь сургалтын чанартай холбоотой байх, тийм үү?

-Мэдээж сургалтын чанар, хөтөлбөрийн нөлөө их бий. Манай сургууль өөрийгөө хөгжүүлэх олон боломжоор хангадаг. Англи хэлийг чанартай заадаг учраас хэлний бэрхшээл гардаггүй. Багш нар маань их мундаг. Эргэлзсэн зүйлсээ асуухад "Дараа"  гэж хойшлуулалгүй цаг тухайд нь зөвлөж, заадаг. 

Их, дээд сургуульд элсэхэд юуг анхаарах, эссэ хэрхэн бичих гээд бүх зүйл дээр сайн зөвлөдөг учраас гаднын томоохон сургуулиудад манай төгсөгчид суралцахад томоохон дэмжлэг болдог. Түрүүн хэлсэнчлэн ачаалал даах чадвартай болсноор өөрийгөө бүрэн дайчилж чаддаг болсон нь бидний маш том давуу тал. 

-Ангийнхныхаа амжилтаас хуваалцвал?

-Манай ангийнхан амжилт арвинтай байгаа. Одоогоор их, дээд сургуулиудын хариу дөнгөж гарч эхэлж байна. Одоогийн байдлаар манай ангийн нэг хүүхэд Ivy league-т багтдаг Cornell их сургуульд тэнцсэн. Мөн нэг хүүхэд University of Denver-т, бас нэг нь Унгарын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн хариу авсан сайхан мэдээтэй байна. Удахгүй ар араасаа хариунууд ирэхээр улам их амжилт гаргах байх. 

 
Европын охидын олимпиадад оролцсон үе. Итали улс, 2018 он

-Амжилт гаргахад багш, ангийнхнаас гадна гэр бүлийн дэмжлэг маш чухал. Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ?

-MIT-д тэнцэхэд хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол аав, ээж хоёр маань. Үргэлж бүх зүйл дээр тусалж дэмждэг. Хийхийг хүссэн зүйл дээр маань "Чи чадна" гэж дэмждэг. "Чи чадахгүй, боль" гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тэдний маань энэ дэмжлэг амжилтад хүрэх түлхэц болдог.  

-“Сант” сургууль амжилт гаргаж буй хүүхдүүдээ хэр урамшуулж, дэмждэг вэ. Амжилттай, сайн суралцсан сурагчдадаа тэтгэлэг олгодог уу?

-Хүсэл эрмэлзэлтэй, сайн сурч байгаа сурагчдад сургалтын төлбөрийн тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Энэ нь бидэнд илүү сайн сурах урам өгдөг. Ихийг өгөх тусам, улам хүчээ дайчлахаар шамддаг. 

-Ярилцлагын төгсгөлд, дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэн суралцахаар бэлдэж буй хүмүүст хандан зөвлөхгүй юу?

-Өөртөө итгэх нь хамгийн чухал. Хоёрхон жилийн өмнө MIT бол миний мөрөөдөл байсан. Харин өөртөө итгэснээр мөрөөдөлдөө хүрлээ.

Би хэн бэ, юунд дуртай вэ, ямар зан чанартай вэ гэх мэтчилэн өөрийгөө сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн өөрийгөө олж нээх хэрэгтэй. Тухайн хүүхэд өөрийгөө хэр нээсэн, хэрхэн хөгжүүлж байгаа вэ гэдгийг сургуулиуд хардаг. Тиймээс олон талаар өөрийгөө хөгжүүлээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 11 | 10 цаг