Бельгид үржүүлсэн хурдан үүлдрийн тагтааг дуудлага худалдаагаар зарахад Хятадын иргэн $1.4 саяар авч үнийн шинэ дээд амжилт тогтоожээ.
Армандо нэртэй уг тагтаа нь алсын зайг богино хугацаанд туулах чадвараараа хамгийн шилдэг нь болохыг дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдээлсэн байна.
Зарим сонирхогчид Армандог тагтаануудын Льюйс Хэмилтон хэмээн өргөмжилдөг нь Формула Нэг уралдааны алдарт тамирчны нэр юм.
Дуудлага худалдааны эцсийн шатанд Хятадын хоёр сонирхогч өрсөлдөж, үнийг цагийн дотор $600,000-аас $1.4 сая хүртэл өсгөжээ.
Армандог зарсан үнэ нь хэний ч төсөөлж байгаагүй өндөр үнэ ханшид тооцогдож байна.
Уг тагтаанаас өмнө шувууны үнийн дээд амжилтыг 2017 онд $450,000 хүрсэн Надин хэмээх шувуу эзэмшиж байв. Тухайн үед Шин Вэй гэх хятад хүн энэ шувууг худалдан авч байжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадад тагтаа уралдуулах тэмцээн нийгмийн дээд болон дунд давхаргынхны дунд өргөн тархаад байна.
Зөвхөн Бээжин хотод 100,000 тагтаачин оршин суудгаас 90,000 нь Уралдаанч Тагтааны Холбоонд бүртгэлтэй байдаг ажээ. Тэд жил бүрийн хавар, намарт болдог уралдаанд идэвхтэй оролцдог байна.
Уралдааны бай шагнал хэдэн арван мянган ам.долларт хүрдэг. Ихэнх бооцоот тоглоомыг хориглодог Хятад улсад зөвхөн тагтааны уралдаанд бооцоо тавихыг зөвшөөрдөг тул олон хүний анхаарлыг татдаг болоод байгааг зохион байгуулагчид нь тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!