Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ГАДААД ОРНЫ ТУРШЛАГА: Барилга буулгах аргууд

Барилга.мн
2019 оны 3 сарын 15
Барилга.МН
Зураг зураг

Монгол Улсын хуурай хог хаягдлын 40 хувийг барилгын хог хаягдал эзэлдэг тухай Хог хаягдлын холбооноос гаргасан мэдээлэлд дурдсан байдаг. Харин энэ хог хаягдал нь удаан хугацаагаар буюу хэдэн зуун жилээр устаж үгүй бололгүй байгаль орчныг бохирдуулдаг билээ. Барилгын хог хаягдал нь бэхжсэн бетон, тоосго, мод, арматур, шил, төрөл бүрийн хуванцар цонх зэрэг зүйлээс тогтоно. 

Хаягдал бетон гэж юу вэ? 

Угсармал бетонон барилгын хаягдлын 80 орчим хувийг хаягдал бетон эзэлдэг байна. Энэ нь элс, хайрга ба дайрга, бэхжсэн цемент, арматураас тогтоно. Харин тэдгээрийг тус тусад нь ялган авсан тохиолдолд бүгдийг нь дахин ашиглах боломжтой байдаг. Жишээлбэл, Японд хаягдал бетоныхоо 90, АНУ 50 хувийг гэх мэт эргүүлэн ашигладаг. Нидерланд улс хогийн цэггүй орон тул бүгдийг нь буцаан ашигладаг төдийгүй, бэхжсэн бетоноос элс, хайрга, дайргыг өндөр цэвэршилттэй ялгах технологийг боловсруулан практикт нэвтрүүлсэн байна. 

Хаягдал тоосгыг дахин ашиглах бололмжтой юу? 

Нидерланд улсад туршилга судалсан байдлаасаа харахад энэ оронд хаягдал тоосгыг дахин ашигладаг бөгөөд энэ тохиолдолд түүнийг өргийн зуурмагаас салгаж чанараар нь ангилан ялгаад зах зээлд борлуулж байна. 

Барилгаас үүссэн хаягдал мод. Хаягдал мод нь будагтай, будаггүй зэрэг төрөл бүрийн байдлаар бохирдсон байдаг тул түүнийг чанарын хувьд ангилж цэвэр модыг шууд ашигладаг. Харин бохирдсон модыг бохирдолтын зэргээр нь мөн ангилж дахин боловсруулалтад оруулж ашигладаг. 

Дээр өгүүлснээс харахад барилгаас үүсч байгаа хаягдлыг хооронд нь холилгүй, эвдрэл багатай, ангилан буулгасан тохиолдолд тэдгээрийг дахин ашиглах боломжтой нь харагдаж байна. Харин үүний тулд хамгийн түрүүнд барилгыг ухаалаг буулгалт буюу ангилан буулгах шаардлагатай. Энэ зорилгоор гадаад оронд төрөл бүрийн технологи, тоног төхөөрөмжийг ашигладаг байна. 

Европын Холбоо нь 1990-иэд оны эхээр гишүүн орнуудын хог хаягдлын менежментийн бодлогыг чиглүүлэх, зохицуулах стратеги төлөвлөгөөгөө баталж гаргасан. Нидерланд улс барилга буулгалтын хог хаягдал ашиглалтаараа хамгийн сайн үр дүнд хүрч чадсан байдаг. Эдгээр бүх асуудал нь Нидерландын Засгийн газар инертний хог хаягдлыг устгахыг хориглох, барилгын хог хаягдлын дахин боловсруулалтыг тууштай дэмжихэд чиглэсэн улс төр, эдийн засгийн арга хэмжээ авсантай холбоотой юм. Тус улс 30 жилийн тэртээгээс Засгийн газар болон нийгмийн түнш байгууллагуудын хоорондох хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн шийдвэрийн тусламжтайгаар энэ салбарыг удирдан зохицуулж чадсан гэсэн үг. Эдгээр хууль дүрэм өмнө нь шууд хаягддаг байсан мод, метал, хуванцар зэрэг материалыг дахин боловсруулж ашиглахад чиглэгдсэн юм. Ингэснээр асфальт, мод, шил, модон шал, хуванцар цонх, гөлтгөнө, бетон, тоосго зэрэг материалыг өндөр түвшинд дахин боловсруулах боломжийг олгожээ.

Мөн барилга буулгах ажлыг мэргэжлийн байгууллага, энэ талаар мэргэшсэн хүн гүйцэтгэдэг ба буулгахаас өмнө барилга буулгах ажлын төлөвлөгөө, менежментийн асуудлыг оновчтойгоор буюу тухайн буулгах барилга дээрээ мэргэжлийн байгууллага нь байрлаж зураг төсөл, материалыг судалж боловсруулдаг байна. 

Барилгын ухаалаг буулгалтын тухай ерөнхий ойлголт

Ухаалаг буюу сонгомол буулгалтын ажил үндсэн дөрвөн үе шаттай. 

  1. Тендер шалгаруулалтын  үе
  2. Задлах  үе
  3. Буулгах  үе
  4. Буулгалтын дараах  үе

1.Тендер шалгаруулалтын үе

Буулгалтын ажил нь захиалагч барилгыг буулгахаар шийдвэр гаргаснаар эхэлнэ. Нурааж буулгах гэрээт гүйцэтгэгчийг ажилд авна. Гэрээт гүйцэтгэгч барилгын талбайд очиж судалгаа хийсний дүнд барилгыг буулгах хамгийн шилдэг техник болон аргыг сонгоно. 

2.Задлах  үе

Дараагийн үе шат нь ашиглалтыг зогсоох юм. Үүнд: бүх асбест болон химийн бодисыг зайлуулах (зайн хүчил, тос). Үүний дараа хөнгөн буулгалтын үе шат эхлэх ба энэ үед даацын бус элементүүд болох бэхэлгээ, арматур, цонх, хаалга, яс мод, дүүжин тааз, дотор хана зэргийг тус тусад нь буулгана. Хөнгөн буулгалтын үед гарсан зарим хэсгүүдийг дахин боловсруулж ашиглах боломжтой. 

3.Буулгах  үе

Барилгын буулгалт үндсэн 3 төрөлтэй буюу дээрээс доош буулгах, их хэмжээгээр нураах, дэлбэрэлтийн аргаар нураах зэрэг багтана. Тендер шалгаруулалтын явцад  гүйцэтгэгч эдгээр арга техникээс сонгон хэрэглэх боломжтой. Бетоныг дахин боловсруулж дахин ашиглах ажиллагаа нь хийцийг буулгасны дараа эсвэл буулгалтын ажилтай нэгэн зэрэг хийгдэж болно. 

4.Буулгалтын дараах үе

Сүүлчийн үе шат нь барилгын талбайн цэвэрлэгээ бөгөөд талбайг аюулгүй, найдвартай нөхцөлд орхих ёстой. Аливаа нүх, ус шавхуурга, суваг шуудуу, хоосон зайг дүүргэж найдвартай хучилт хийх ёстой ба барилгын талбайн ус зайлуулах системийг бүрэн цэвэрлэж ажиллагааг шалгасан байх шаардлагатай.

БАРИЛГА БУУЛГАЛТЫН ҮНДСЭН АРГУУД

Дээрээс доош чиглэлтэй буулгалт

 

Дээрээс доош чиглэлтэй буулгалтын арга нь ашиглагдаж буй машин техник хэрэгслээс хамаарч бусад аргуудтай харьцуулахад буулгалтын ажлыг хянаж зохицуулах боломжтой. Буулгах ажлын дарааллыг талбайн бодит нөхцөл байдал, хязгаарлалт, барилгын байршил, бүтцийн зураг төсөл дээр суурилан тогтооно. Үүнд: 

  1. Нийтийн үйлчилгээнээс тусгаарлах: цахилгаан, цэвэр ба бохир усны шугам гэх мэт. 
  2. Тухайн барилга болон түүний дотор давхар бүрийн эд ангийг буулгахаас өмнө барилгын хаалга, нэг давхрын тагт, ханын засал чимэглэл зэргийг эхэлж буулгана. 
  3. Дээврийн хэсгийг буулгахдаа цахилгаан шатны хэсэг, усны нөөцлүүр зэргийг хамгийн дээд түвшингээс үндсэн дээврийн түвшин хүртэл дээрээс доош гэсэн дарааллаар буулгана.
  4. Шалны дамнуургыг буулгахдаа тавцангийн дамнуурга, туслах дамнуурга, үндсэн дамнуурга гэсэн дарааллаар хийгдэнэ.
  5. Даацын бус ханыг даацийн хана буулгахаас өмнө нураана.  Энэ аргыг ашиглах үед гэрээт гүйцэтгэгч нь арматур, бэхэлгээний хэрэгсэл болон бусад материалыг дахин ашиглах боломжтой.

Барилгыг их хэмжээгээр нураах

Энэ арга нь дэлхийн хэмжээнд барилга буулгалтын хамгийн түгээмэл аргын нэг юм. Үндсэн хэрэглэгддэг машин (экскаватор, танк, машин механизм г.м.) мөн бутлагч, таслагч, алх зэрэг энгийн багажид суурилуулсан машин хэрэглэнэ. Мөн бөөрөнцгийн аргыг ашиглаж болно. Барилга буулгах машин техник нь буулгалтын ажлын гүйцэтгэлээс хамааран төрөл бүрийн багажаар тоноглогдож болно. Энэ аргыг төмөрбетон, өрлөг, ган, холимог материалаар хийгдсэн бүтээцийг буулгахад ашигладаг билээ.

Тэсэлгээний буулгалт /дэлбэрэлтийн/

 

Энэ аргыг салангид, тусгаарлагдсан, тэгш гадаргууд байрлалтай барилгыг бүхэлд нь буулгах ажилд хэрэглэнэ. Тэсрэх бодис байрлуулж, цагийн тохиргоо хийсний үндсэн дээр барилга хэдхэн секундын дотор өөрөө нуран унахыг хэлэх ба энэ нь хүрээлэн буй орчинд учруулах бодит аюулыг багасгадаг. Энэ аргын үндсэн зарчим нь гол тулгуур баганыг дэлбэлж нураасны дүнд хүндийн хүчний нөлөөгөөр барилга тогтох боломжгүй болж өөрөө нурахад хүргэдэг арга юм. Барилгыг буулгах энэ аргын гол зүйл нь барилга унах чиглэлийг хянах нь маш чухал билээ. Тодруулбал, тэсэлгээний баг тухайн барилгыг, машины зогсоол буюу бусад нээлттэй талбай руу чиглүүлж нэг тал руугаа унагах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байдаг.

 

Д.Сүнжидмаа /ШУТИС. БАС-ийн дэд профессор, доктор/

С.Бадамрагчаа /Монголын Барилгачдын Холбооны сургалт эрхэлсэн дэд захирал/ 

Зураг