Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн хөгжлийн ямар нэгэн бэрхшээлтэй байгаа ба энэ нь нийт хүн амын 15 хувийг эзэлж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог бодитойгоор гаргасан найдвартай эх сурвалж байхгүй аж.
Тэгвэл манай улсад өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй нийт 102,000 орчим иргэн байгаагийн 32,000 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, багачууд ба тэдний 7,200 орчим нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна.
Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог нийт зургаан сургууль байдгийн нэг нь 55-р сургууль юм. Баянзүрх дүүрэгт байрлах энэхүү тусгай хэрэгцээт 55-р сургуульд өнөөдөр Улсын гуравдугаар эмнэлгийн эмч, сувилагчид сайн дураараа хөдөлгөөн засал, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүллээ.
Тус сургуульд суралцаж буй оюуны хөгжлийн бэрхшээлтэй, дауны хам шинж, аутизмтай гээд нийт 500 орчим сурагчийг 94 багш сурган хүмүүжүүлдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, багш сурагчдыг хөгжүүлэх тал дээр хэд хэдэн ажил гүйцэтгэснийг тус сургуулийнхан онцолж байлаа.
Тодруулбал, аутизмтай хүүхдэд чиглэсэн зориулалтын анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, тайвшруулах өрөө, сургалтын хэрэглэгдэхүүний өрөө, зөвлөгөө өгөх төв зэргийг шинээр байгуулж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Өнөөдрийн үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаар Улсын гуравдугаар эмнэлгийн Бөөр, дотор шүүрлийн тасгийн Ахлах сувилагч Л.Эрдэнэцэцэг "Улсын гуравдугаар эмнэлгийн Бөөр, дотор шүүрэл, сэргээн засах болон уламжлалт эмчилгээний тасгийн сувилахуйн баг хамт олон энэхүү тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Бид Эрүүл мэндийн сайд болон Улсын гуравдугаар эмнэлгийн даргын гаргасан тушаалын хэрэгжилтийн хүрээнд ийнхүү ханган ажиллаж байгаа юм. Өнөөдрийн үйл ажиллагаагаар тус сургуулийн сурагчдад томуу, томуу төст өвчин, улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, гараа хэрхэн зөв угааж цэвэрлэх болон багш, ажилчид, саажилттай хүүхдүүдэд уламжлалт болон сэргээн засах эмчилгээний хөдөлгөөн засалч нар хөдөлгөөн заслын сургалтыг явуулж байна. Ингэснээр багш ажилчид шинэ хөдөлгөөн засал сурч, сурагчдад цаашид үргэлжлүүлэн заах боломжтой болдог" хэмээлээ.
Ийм төрлийн хөдөлгөөн засал, сувилахуйн тусламж үйлчилгээг Улсын гуравдугаар эмнэлгийн эмч, сувилагчид багт хуваагдан, тусгай сургалттай сургууль болон цэцэрлэгүүдэд очиж тогтмол явуулдаг талаар мөн дурдаж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!