Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улсуудын түүх, соёлыг комиксоор дамжуулан таниулдаг олон улсын үзэсгэлэнд Бумбардай оролцож байна

ikon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Азийн бүс нутгийн улсуудын түүх соёлыг комикс, мангагаар дамжуулан хүргэх, олон улсын сор болсон бүтээлүүдийг бусад улсуудад танилцуулан сурталчлах зорилготой Мангази буюу Mangasia төслийг 2017 оноос эхлүүлэн Их Британи улсын Барбикан төв хэрэгжүүлж эхэлжээ.

Тэгвэл энэхүү төсөлд Монгол Улсыг төлөөлөн "Бумбардай" төсөл оролцож, үзэсгэлэнд тавигдаж байна.

 

Энэхүү төсөл нь Япон, Солонгос, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Сингапур, Малайз, Монгол зэрэг Азийн нийт 20 гаруй улсын түүхэн хөгжлийг харуулсан комик бүтээлээс бүрджээ. Түүнчлэн үзэгчдийн насны ангилал бүрт тохирсон, мультимедиа хэлбэрт хөрвүүлсэн зэрэг олон хэсгээс бүрдэж буй үзэсгэлэн юм.

 

2017 оноос эхлүүлэн таван жилийн хугацаанд дэлхийн соёл урлагийн төв болсон улсуудад аялан, үзэсгэлэнгээ дэлгэж байгаа уг төсөл өнгөрсөн хугацаанд:

  1. Италийн Ром хотод 2017 оны 10 сарын 7-ноос 2018 оны 1 сарын 21 хүртэл,
  2. Италийн Монза хотод 2018 оны 2 сарын 21-нээс 2018 оны 6 сарын 3 хүртэл,
  3. Францийн Нант хотод 2018 оны 6 сарын 29-нөөс 2018 оны 9 сарын 16 хүртэл тус тус тавигдаад байгаа аж.

Харин энэ жилийн хувьд тус үзэсгэлэн нь Ази тивд үргэлжилж, БНХАУ-ын Шэньжэн хотноо ирэх дөрөвдүгээр сарын 12-ноос наймдугаар сар дуустал тавигдахаар болсон байна. Түүний дараагаар Тайланд улсад, цаашид 2022 он хүртэл дэлхийн бусад улсуудаар аялан, үргэлжлэх юм.

ВИДЕО: Мангази төслийн танилцуулга

Хэрэв та бүхэн тус төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж авах боломжтой.

Бумбардай нь нүүдэлчин ахуй, өв соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, нүүдэлчдийн мөн чанар, хүмүүжил боловсролыг дэлхийн хүүхэд залууст зурган ном, хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг, нэмэлт контентууд болон холбогдох бүтээгдэхүүнүүдээр дамжуулан таниулан, сурталчилж, нүүдэлчин үндэсний баатрыг бий болгох зорилготой төсөл юм.

Бумбардай комикс ном нь 2015 онд Япон улсын Засгийн газраас зохион байгуулдаг "International Manga Awards" уралдаанд 46 улсын 317 бүтээлтэй өрсөлдөн, тэргүүн байрын шагнал хүртэж байсан удаатай.

Бумбардай нь одоогоор цуврал ном, хүүхэлдэйн кино, бүтээгдэхүүн болж худалдаалагдаж байна.

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Бумбардайн фэйсбүүк хуудсаар зочлох боломжтой.