Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын IT салбарын ААН-үүдийн аутсорсинг ажлыг гүйцэтгэх 500 нээлттэй ажлын байр зарлагдлаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг: MPA.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын "КОЙКА" байгууллагын санхүүжилтээр төслийг гүйцэтгэж буй MKIT сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр гадны улсаас аутсорсинг захиалга авч, гүйцэтгэл хийх 500 нээлттэй ажлын байрыг зарлаж байна.

Энэ талаар Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар 2017 оны гуравдугаар сард "Залуучуудын хөгжлийн төв"-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Ингэхдээ бид мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлдэг, мэргэжлийн сургалтын төв болох MKIT төвтэй хамтран найман төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтыг зохион байгуулж эхэлснээс хойш нийт 1,893 залуусыг сургалтдаа үнэ төлбөргүй хамруулаад байгаа ба нийт 835 нь сургалтыг амжилттай төгсөөд байгаа юм. Бидний явуулж буй сургалтад нийт 2,800 гаруй залуус хамрагдах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн байна. Эдгээрээс сургалтын анги танхимын хүчин чадлаас харгалзан 1,893 залуусыг сургалтдаа хамруулаад байна.

MKIT сургалтын төв нь "Койка"-гийн санхүүжилттэй төслийг гүйцэтгэхээс гадна БНСУ-ын байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Эдгээр хамтран ажиллаж буй ААН-үүдтэй хамтран энэ удаа нийт 500 нээлттэй ажлын байрыг мэдээлэл технологийн салбарт мэргэшсэн, ажил эрхлэх боломжтой залуучуудад зарлаж байна.

Ажлын байрны онцлогийн хувьд эх орондоо хөдөлмөр эрхлэнгээ гадаад улсаас аутсорсингийн захиалга авч, гүйцэтгэх боломжтойгоороо давуу талтай. Цалингийн хувьд хамгийн багадаа нэг сая төгрөгөөс эхэлж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг: MPA.mn

"MKIT" сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр "Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын аж ахуйн нэгжтэй аутсорсингийн 100 гаруй ажлыг амжилттай гүйцэтгэсний үр дүнд энэ жил 500 нээлттэй ажлын байр бий болоод байна.

Эдгээр ажлын байранд хамрагдах хүсэлтэй залуучууд мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно, багаар ажиллах, өөрийн хувийн ур чадвар зэргээрээ ялгарч, үнэлэгдэн ажлын байранд шууд гарах боломжтой байгаа.

Шинээр ажлын байранд гарч буй залуучуудын цалингийн хувьд доод тал нь сая төгрөгнөөс эхэлнэ. Манай байгууллагад сургалтад хамрагдаж, ажлын байртай болсон залуус 1,800,000-3,500,000 хүртэлх цалинтай болж, гүйцэтгэл сайтай ажиллаж байгаа тул ийм хэмжээнд хүрэх боломжтой байна.

Цаашид энэ чиглэлээр бид залуучуудыг сургаж, гүйцэтгэл сайтай ажиллах юм бол зөвхөн БНСУ гэлтгүй АНУ, Япон зэрэг улсуудтай хамтран ажиллах чадвартай болох боломж бидэнд байна" хэмээн танилцуулав.

Эдгээрээс гадна MKIT сургалтын төв нь инкубатор төвөөр дамжуулан 20 иргэнийг БНСУ-ын “КОЙКА”-гийн төслийн санхүүжилтээс cap бүр 440,000 төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 залуучуудыг ажлын байранд холбож өгөөд байгаа ба одоогоор 60 залуус гадаад улсаас байнгын аутсорсинг захиалгыг авч, амжилттай ажиллаж байгаа юм байна.

Мөн энэ жилээс эхлэн "Web Publishing" чиглэлийн шинэ ангийг нээж байгаа бөгөөд тус ангид Солонгос хэлний топикийн 5-р түвшинтэй, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой залуус хамрагдах боломжтой аж.

Хэрэв та бүхэнд сургалтын төвд элсэн, бүртгүүлэхийг хүсвэл энэхүү линкээр нэвтэрч бүртгүүлэх боломжтойгоос гадна сургалтын төвд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм байна.

Хаяг: Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” “MKIT” сургалтын төв.

Лавлах утас70122999, 9712-5557