Ормузын хоолойг чөлөөлөхөд оролцох Трампын уриалгыг Өмнөд Солонгосын албаныхан няцаав
Даваа гарагт Персийн буланд гацсан ачаа тээврийн хөлгүүдийг Ормузын хоолойгоор нэвтрэхэд Ираны халдлагаас хамгаалах “Operation Freedom” ажиллагааг АНУ-ын тэнгисийн хүчин эхлүүлсэн.
Энэ өдөр тус хоолойн орчимд Өмнөд Солонгосын ачааны хөлөг дээр дэлбэрэлт болж, галд өртсөнийг ерөнхийлөгч Трамп цаг алдалгүй шүүрч авсан юм.
“Магадгүй энэ үйл явдал Өмнөд Солонгос манай ажиллагаанд нэгдэх цаг болсныг харуулж байж болох юм” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Өөрөөр хэлбэл тэр Ормузын хоолойг нээх ажиллагаанд оролцохыг Өмнөд Солонгосын эрх баригчдад уриалсан байна.
Дэлбэрэлт Өмнөд Солонгосын хамгийн том тээврийн компаниудын нэг HMM-ийн Панамын далбаатай хөлөг дээр Сөүлийн цагаар 20:40 цагийн үед болжээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын ойролцоо эрэгт зангуугаа буулгаад байсан тус хөлөг дээр нийт 24 хүн байсны зургаа нь Өмнөд Солонгосын иргэд байсан байна.
Хөдөлгүүрийн хэсэгт гарсан галыг унтраахад дөрвөн цаг зарцуулжээ. Галын улмаас ноцтой хохирол учраагүй бөгөөд ослын шалтгааныг тогтоохын тулд хөлгийг Дубай хот руу чирэхээр болсон байна.
Дэлбэрэлт гаднын халдлагаас болсон, эсвэл дотоод эвдрэл гэмтлээс болсон эсэхийг тогтоогоогүй байгаа.
Гэсэн хэдий ч Трамп үүнийг Ираны халдлагатай аль болох хамаатуулахыг хичээж байлаа.
Тэрбээр “Operation Freedom” ажиллагааныхаа явцын талаар мэдээлэхдээ “Одоогоор Өмнөд Солонгосын хөлгөөс өөр ямар нэг хохирол гараагүй байна” гэжээ.
Гэвч Сөүлийн албаныхан Трампын уриалгыг хүлээж авах шинжгүй байна.
Тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албан тушаалтан “Одоогийн үе шатанд тодорхой шийдвэр гаргах боломжгүй. Ослын шалтгааныг тогтоох нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна” гэж ярьсныг Ёнхап агентлаг мэдээлжээ.
Мөн тэрбээр Өмнөд Солонгос улс гадаадад ямар нэг байлдааны ажиллагаанд оролцохын тулд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоол гарч, Үндэсний Ассамблейгаас (парламент) зөвшөөрөл авсан байх шаардлагатайг тайлбарласан байна.
Үүнээс гадна цөмийн зэвсэгтэй хойд хөрштэйгөө дайны байдалд байдаг Өмнөд Солонгос улс алслагдсан мөргөлдөөний бүсэд зэвсэгт хүчнээ илгээх боломжгүй гэж шинжээчид дүгнэжээ.
“АНУ, Өмнөд Солонгосын хооронд энэхүү төгсгөлгүй удаан сунжирсан мөргөлдөөний талаар ашиг сонирхлын зөрчил байгаа нь ажиглагдаж байна” гэж Солонгосын Цөмийн Бодлогын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, улс төр судлаач Жүн Бон Гюн хэлсэн байна.
Сөрөг хүчний Солонгосын Сэргээн Босголт намын хууль тогтоогч Ким Жүн Хюн энэ талаар илүү хатуу байр суурь илэрхийлжээ.
“Ялангуяа бусад улс орнууд оролцохгүй байгаа тохиолдолд бид АНУ, Израилийн эхлүүлсэн дайнд татагдан орох шаардлагагүй. АНУ-ын уриалгад Өмнөд Солонгос дангаараа хариулах боломжгүй” гэж This Week in Asia сэтгүүлд тэр ярьсан байна.
Ким бас ямар нэг тодорхой төлөвлөгөөгүй Трампын сошиал мэдэгдлийг уриалгын хэмжээнд нухацтай авч үзэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

