2022 онд осолдсон Хятадын нисэх онгоцны түлшний хангамжийг санаатай тасалсан байсныг шалгалтаар тогтоожээ
2022 онд Хятадын China Eastern агаарын тээврийн компанийн Boeing 737 нисэх онгоц осолдоход 132 хүн амиа алдаж байсан юм.
Уг ослын мөрөөр шалгасан АНУ-ын тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл (NTSB) нислэгийн явцад онгоцны түлшний хангамжийг зориуд тасалсан байсныг тогтоосноо өчигдөр мэдээлжээ.
Онгоц газраас 8,839 метрийн өндөрт байхад нисгэгчийн бүхээгт байсан хэн нэг нь хоёр хөдөлгүүрийн түлшний хангамжийн гар удирдлагыг “таслах” төлөвт шилжүүлсэн гэж тус байгууллагын дүгнэлтэд өгүүлсэн байна.
Хятадын агаарын тээврийн салбарт сүүлийн хэдэн арван жилд гараагүй энэ том ослын учир шалтгааныг одоо болтол зарлаагүй байсан юм.
Үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар Хятадын тал шалгалтын үр дүнгээ зарлахаас татгалзаж байжээ.
Харин онгоцны хар хайрцгийг үйлдвэрлэгч Boeing компанитай хамтран шалгасан NTSB байгууллага АНУ-ын Мэдээллийн Эрх Чөлөөний Тухай Хуулийн хүрээнд үр дүнгээ сая нийтэд зарласан юм.
Дээр дурдсан гар удирдлага нь онгоцны хөдөлгүүрийг асаах болон унтраахад түлшний урсгалыг зохицуулах зориулалттай товч ажээ.
2022 оны гуравдугаар сард Хятадын баруун өмнөд бүсийн Юннань мужийн төв Куньмин хотоос Гуанжоу хотын чиглэлд ниссэн онгоц замдаа осолдож байв.
Онгоц хөөрснөөсөө хойш цаг гаруй хугацааны дараа хүрэх газраа ойртоод байх үед гэнэт өндрөө алдаж эхэлжээ.
Газраас бараг 9,000 метрийн өндөрт нисэж байсан онгоц ердөө хоёр минут 15 секундийн дараа 2,800 метрийн өндөр хүртэл огцом унасан байна.
Хар хайрцагт бичигдсэн хамгийн сүүлчийн мэдээллээр бол онгоц гурван минутын дараа 1,000 орчим метрийн өндөрт хүрсэн байжээ.
Тухайн үед хэвлэлүүд нисгэгчдийн нэг нь амиа хорлох зорилгоор онгоцыг унагасан байж магадгүй талаар мэдээлж байв. Гэвч Хятадын Иргэний Нислэгийн Удирдах Газар энэ таамгийг эрс няцааж байжээ.
“Эдгээр цуурхлууд нь олон нийтийг ноцтой төөрөгдүүлж, ослын шалтгааныг мөрдөн шалгах ажилд саад учруулж байна” гэж 2022 оны дөрөвдүгээр сард болсон хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын төлөөлөгч Ву Шижие мэдэгдэж байлаа.
Сүүлд ослын шалгалтын үр дүнг нууцалж байгаа талаар шүүмжлэл гарахад Хятадын эрх баригчид “уг мэдээллийг нийтэлбэл үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалд заналхийлж болзошгүй” хэмээн анхааруулж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

