ДЭМБ: Аяллын хөлөг дээр дэгдсэн хантавирусийн халдвар хүнээс хүнд дамжсан байж магадгүй ч эрсдэл бага гэж үзэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Далайд зорчиж буй аяллын круйз хөлөг дээр дэгдсэн хантавирусийн халдвар нь хүнээс хүнд дамжсан байх магадлалтай гэж үзэж байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдэгджээ.

Энэ төрлийн вирус нь ихэнхдээ мэрэгч амьтдаас хүнд халдварладаг ч хүнээс хүнд дамжсан тохиолдол ховор боловч гардаг.

Одоогоор тус хөлгийн зорчигчдоос Нидерландын хос, Германы иргэн нийт гурван хүн хантавирусийн халдварын улмаас нас барсан бол Британийн нэг иргэнийг хөлгөөс Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эмнэлэгт нүүлгэн шилжүүлжээ.

Хөлгийн багийн ажилтан хоёр хүнд яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа, нэг зорчигчоос халдварын шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрснийг MV Hondius хөлгийн оператор Нидерландын Oceanwide Expeditions компани мэдээлсэн байна.

Одоогоор тус хөлөг баруун Африкийн эргээс холгүй Атлантын далайн төв хэсэгт оршдог Кабо Верде улсын боомтод зогсож байгаа юм.

Нидерландын засгийн газар дээр дурдсан гурван хүнийг хөлгөөс нүүлгэн шилжүүлэхээр бэлдэж байгаагаа мэдэгджээ.

Аргентины өмнөд эргийн хотоос хөдөлсөн MV Hondius хөлгийн эцсийн зогсоол Кабо Верде улс боловч вирусийн дэгдэлтийн улмаас зорчигчдоо буулгахгүй байгаа юм.

Өвдсөн хүмүүсийг нүүлгэн шилжүүлсний дараа тус хөлөг аяллаа үргэлжлүүлж, Испани улсын харьяа Канарын арлуудад хүрэх юм байна.

Испанийн эрүүл мэндийн яам хөлөг гурваас дөрөв хоногийн дотор аралд ирнэ гэж тооцоолж байгаагаа мэдэгдсэн ч аль боомтод ирэхийг дурдаагүй юм.

“Хөлөг ирмэгц бид багийн гишүүд болон зорчигчдыг зохих ёсны үзлэг шинжилгээнд хамруулсны дараа тус тусын улс руу нь илгээнэ” гэж яамнаас мэдэгджээ.

Хөлөг дээр ойролцоогоор 150 хүн байгаа гэсэн мэдээлэл бий.

Канарын арлууд нь шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх чадвартай хамгийн ойр цэг тул дараагийн зогсоолоор сонгосон юм байна.

Хүмүүс хантавирусийн халдварыг мэрэгч амьтадтай харилцаж, тэдний ялгадас, шүлсээр дамжуулан авдаг.

Харин ойр амьдардаг хүмүүсийн хооронд дамжсан ховор тохиолдол өмнө нь энэ вирусийн Андын хувилбарт ажиглагдаж байжээ.

Уг хувилбар нь Аргентин зэрэг Өмнөд Америкийн орнуудад илэрдэг юм байна.

MV Hondius хөлөг гуравдугаар сард Аргентины өмнөд эргийн Ушуаяа хотоос хөдөлж байжээ.

“Маш дотно харилцаатай хүмүүс, тухайлбал эхнэр нөхөр, хамт нэг өрөөнд амьдардаг хүмүүсийн дунд хүнээс хүнд халдвар дамжих эрсдэл байгаа гэж бид үзэж байна” гэж ДЭМБ-ын цар тахал, цар тахлын бэлтгэл, урьдчилан сэргийлэх албаны захирал Мариа Ван Керхов өчигдөр Женев хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.

MV Hondius хөлөг Аргентины өмнөд эргээр дамжин Антарктидын зарим хойг болон арлуудаар аялдаг.

Ийм аялалд хамрагдах нэг хүний төлбөр 14,000-22,000 еврогийн хооронд хэлбэлздэг байна. Зорчигчдоос Нидерландын иргэн эрэгтэй хамгийн түрүүнд дөрөвдүгээр сарын 11-нд нас баржээ.

Түүний шарилыг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Атлантын далайн өмнөд хэсгийн Гэгээн Елений аралд буулган оршуулсан байна.

Хөлөг цааш аялах замд эхний хохирогчийн эхнэрийн бие бас муудаж, Өмнөд Африкийн Йоханесбург хотын эмнэлэгт нас баржээ.

Йоханесбургийн эмнэлэгт үлдсэн бас нэг зорчигч болох Британийн иргэн эрэгтэйгээс хантавирусийн халдвар илэрсэн юм.

Америк тивүүдийн орнуудаас Аргентин улсад хантавирусийн дэгдэлт хамгийн олон гардаг бөгөөд халдварласан хүмүүсийн 32 хувь үхэлд хүрдэг нь бусад бүс нутгуудын дэгдэлтээс өндөр үзүүлэлт болохыг ДЭМБ мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters