Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Унаж явсан морь нь гэнэт давхин, хэсэг морьтой хүмүүсийг мөргөснөөр хүү газарт унаж, нас баржээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар аймагт 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан хэргийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодрууллаа.

- Сүхбаатар аймагт гарсан гэх уг хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум буюу аймгийн төвд 2019 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр уг хэрэг гарсан байна.

Хүү уралдааны мориндоо тэжээл өгчихөөд жүчээнээс буцаж байхад нь ойролцоо буюу 20-30 метрийн зайтай явж байсан хэсэг морьтой хүмүүс рүү морь нь гэнэт давхиж очоод мөргөж, хүү унажээ. 10 настай хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч замдаа нас барсан байна.

Тухайн үед хүүтэй хамт нэг хүүхэд, хоёр том хүн явж байсан ч морь гэнэт давхисан учраас хөөгөөд гүйцээгүй гэсэн байсан.

- Нэгдүгээр сарын 12-нд гарсан хэрэг гэлээ. Энэ талаар мэдээлэл танайд хэзээ ирсэн бэ?

- Хэргийг шалгаж байгаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хэрэг гарсан өдрөөс гурав хоногийн дараа Сүхбаатар аймаг дахь ГБХЗХГ-т мэдээлсэн.

- Амиа алдсан хүү хөлсөөр морь унадаг байсан уу, эсвэл өөрийнх нь гэр бүлийн морь юм болов уу?

- Хүү тухайн морины уяачийн хадам эгчийнх нь хүүхэд юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл бид авахаар хандаад байгаа. Цагдаагийн байгууллагын албан ёсны илтгэх хуудас миний гар дээр хараахан ирээгүй байна.

- Ойрын үед Сүхбаатар аймагт хурдан морины уралдаан зохион байгуулагдах тов байгаа юу?

- Ойрын хугацаанд зохион байгуулагдах ямар нэгэн уралдааны тов байхгүй.

Манайх болон бусад холбогдох байгууллагаас өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүүхдээр морь унуулахгүй байх талаар зөвлөмж саналуудыг хүргүүлсээр байгаа.