Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Аарцны ааруул кг нь 14-16 мянган төгрөг, сүүн ааруул 22-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өвлийг өнтэй давж, урин цагтай мэнд золгосны баяр Цагаан сарыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Баярын идээний хамгийн гол зүйлийн нэг нь цагаан идээ. Тиймээс жил бүр орон нутгаас малчид нийслэлийг зорин, цагаан идээний үзэсгэлэн худалдаа явуулдаг билээ. Архангайн цагаан идээний үзэсгэлэн Тусгаар тогтнолын талбайд гарч байгаа бол Өвөрхангайнхан АСА циркийн гадна талбайд цагаан идээгээ борлуулж байна.

Архангайн Чулуут сумаас ирсэн Ч.Жавзмаа “Манайх аарцны ааруулыг нэг кг-ыг нь 14,000-15,000 төгрөгөөр зарж байна. Хэлбэр, хээнээсээ хамаараад үнэ нь өөр өөр байгаа. Харин сүүн ааруул 25,000, өрөм жижиг нь 2,500, дунд нь 7,000 төгрөг, томыг нь 15,000 төгрөгөөр худалдаалж байна” гэлээ. Сүүлийн үед айл өрхүүд тавгийн идээгээ бүхэлд нь цагаан идээгээр засах болсон. Иж бүрэн тавгийн идээний үнэ 180 мянган төгрөгөөс эхлэн хэмжээнээсээ хамаарч, 280 хүртэлх мянган төгрөгөөр худалдаалж байна. Худалдан авагчид хөдөөнөөс ирсэн, ямар нэгэн хольцгүй, амт сайтай, үнэ боломжийн байгааг хэлж байв. 

Архангайн цагаан идээний үзэсгэлэнд: 

  • Аарцны ааруул нэг кг нь 14-16 мянга, сүүн ааруул 22-25 мянган төгрөг 
  • Шар тос нэг кг нь 15,000
  • Зөөхий 13,000  
  • Сарлагийн хөлдүү сүү кг нь 3,500
  • Өрөм: том-15,000, дунд-7,500-8,500, жижиг-2,500-3,500 төгрөг
  • Ээзгий 10,000
  • Аарц 3,500 
  • Тавгийн идээний иж бүрдэл 180-280 мянган төгрөгөөр тус тус борлуулж байв.
Өвөрхангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа АСА циркийн гадаа болж байна
 

Тусгаар тогтнолын талбайд хөл хөдөлгөөн ихтэй байсан бол АСА циркийн гадаа талбайд болж буй Өвөрхангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа хүн цөөтэй байв. Малчид ч цөөн байгаагийн сацуу борлуулах цагаан идээний нэр төрөл харьцангуй бага байлаа. Үзэсгэлэн худалдаанд ааруул, өрөм голдуу худалдаалж байв. Харин ээзгий, аарц, сүү төдийлэн харагдсангүй. 

Өвөрхангайн цагаан идээний үзэсгэлэнд: 

  • Аарцны ааруул нэг кг нь 14-16 мянга, сүүн ааруул 18-20 мянган төгрөг
  • Өрөм: том-14-16 мянга, дунд-7,500-8,500, жижиг-2,500-3,500 төгрөгийн үнэтэй байна.