УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, тайлбар өглөө.
-УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг НПГ-аас УИХ-д ирүүлээд байна. Үүнд таны нэр багтаад байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-УИХ-ын 30 орчим гишүүн тойргийнхоо компанийг дэмжиж ЖДҮХС-д албан бичиг явуулсан. Эдгээр гишүүнийг бүгдийг нь АТГ-аас дуудаж асуулга асуусан байгаа. Адилхан бүгд бичиг хийж өгсөн байхад яагаад намайг УИХ-д оруулж ирж байгааг гайхаж байна. Би төрийн ажлыг цэгцлэх, сайжруулах зорилгоор гарын үсэг зурсан 40 гишүүний нэг. Тиймээс намайг өргөн барьсан болов уу. Түүнээс биш миний хамаатан садны нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй гэдгийг албан ёсоор хэлье. Үнэнийг цаг хугацаа харуулах байх.
-Яагаад дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирсэн юм бол?
-Цаашид олон гишүүн оруулж ирэх юм шиг байна лээ.
-Та хэдэн компанид дэмжлэг үзүүлэх бичиг хийж өгсөн бэ. УИХ-ын гишүүд дэмжлэг үзүүлэх албан бичиг хийж өгөөд, зээл авахад нь хувь хүртсэн гэх мэдээлэл ч бий?
-Би ганцхан компанид бичиг гаргаж өгсөн. Ингэж бичиг хийж өгөөд нэг ч төгрөг аваагүй.
-Захирлыг нь таних уу?
-Би захирлыг нь танихгүй. Маш олон гишүүн өөрийнхөө, хүүхдийнхээ компаниар дамжуулж зээл авсан байдаг юм байна лээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!