“Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт”-ыг өнөөдөр ХХААХҮЯ-наас МҮХАҮТ-ын дэргэдэх Сав, баглаа боодлын зөвлөл болон Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Энэхүү уулзалт нь сав, баглаа боодлын салбарын тогтвортой хөгжлийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өрнүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих нөхцөл бүрдүүлэх зорилготой аж.
Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар "Монгол Улсад сүүлийн жилүүдэд сав баглаа боодлын олон үйлдвэрүүд байгуулагдсан.
Тойм судалгаагаар Монгол Улс жилдээ 330 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэдгээс 30 орчим хувь буюу 70 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг.
Тиймээс олон үйлдвэрүүд байхад гаднаас импортоор сав, баглаа боодол авах шаардлагагүй, хамтын ажиллагаа чухал байна гэсэн санааг хэрэглэгч, харилцагчдадаа өгөх зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байна.
Цаашид ХХААХҮЯ болон манай холбоо байгальд ээлтэй, эко үйлдвэрлэлийг дэмжих, бий болгох зорилгоор дотоодын сав, баглаа боодлын хэрэгцээгээ ойрын үед 50 хувиар хангах, 100 хувьд хүргэх бодлоготойгоор ажиллаж байна" гэв.
ХХААХҮЯ-ны сав баглаа боодлын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа "Одоогоор сав, баглаа боодлын салбарт 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, сав, баглаа боодлын жилийн нийт хэрэгцээний 35-40 хувийг буюу 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Салбарын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор бид өнөөдөр хэлэлцэж байна.
Ингэхийн тулд нэн түрүүнд хэрэглэгч дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Мөн сав баглаа боодлын хамгийн чухал хэрэгцээ бол ундны ус, цагаан идээний сав. Одоогоор хэрэглэгчид маш хортой цэнхэр савыг хэрэглэдэг. Энэ цэнхэр сав нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ноцтой хор хөнөөл учруулж байгаа. Тиймээс энэхүү савыг өөр хүний биед хоргүй саваар солих арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна. Ингэхийн тулд гадаадын төсөл хөтөлбөртэй хамтарч хийх хэрэгтэй гэж үзэн бид хэд хэдэн байгууллагуудад хандсан байгаа.
Мөн гаднаас орж ирж буй сав баглаа боодлын чанарыг шалгах лаборатори манайд хэрэгтэй байна. Энэхүү лабораторийн төслийг хэрэгжүүлэхийн тулд бид мөн хэд хэдэн байгууллагуудад хандсан. Удахгүй хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Цаашид 2019 онд бид дэлхийн сав баглаа боодлын байгууллагатай хамтарч, туршлага солилцож ажиллахаар төлөвлөөд байна" гэлээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын оны шагнал “Мөнгөн богц” гардуулах үйл ажиллагаа боллоо. Дотоодын сав баглаа боодлын салбарыг борлуулалтаар дэмжиж, дотоодод үйлдвэрлэсэн сав, баглаа боодлыг үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллагыг “Мөнгөн богц” шагналтнаар өргөмжилдөг уламжлалыг ийнхүү тогтоожээ.
Талх Чихэр ХК-ний чанар баталгаажуулалт хариуцсан ахлах менежер Д.Одонгэрэл "Манай компанийн хувьд олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Үүнийгээ дагаад манай бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол маш чухал байдаг. Бид сав, баглаа боодлоо сонгохдоо шинжилгээ судалгаа хийж анхаардаг.
Сав, баглаа боодлынхоо орц найрлага бүгдийг нь харж дүгнэдэг. Хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байдаг учраас бүтээгдэхүүний чанарыг алдуулахгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй, муутгахгүй эко байх нь чухал. Хэдийгээр бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ байнга анхаарч, дэвшилтэт технологи ашиглаж байдаг ч, хамгийн чухал нь сав баглаа боодол байдаг.
Цаашид сав, баглаа боодлын мэргэшсэн лабораторитой болох хөтөлбөр зохион байгуулж байгаа гэж байна. Энэ нь маш сайшаалтай, яах аргагүй хүнс үйлдвэрлэгчдийн хувьд маш чухал асуудал юм. Энэ чиглэл дээр бид хамтарч, дэмжиж ажиллахад үргэлж бэлэн байна гэдгийг илэрхийлмээр байна" хэмээн онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!