Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гректэй нэрний маргаантай Македон одоо Болгартай хэлний маргаан үүсгэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Балканы хойгийн Македон улс саяхан Грекийн засгийн газартай улсынхаа нэрний асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байгаа. Македон хэмээх нэр нь Грекийн түүхтэй салшгүй холбоотой, мөн Грекийн умард нутгийг ингэж нэрлэдэг нь маргааны гол цэг байсан юм.

Хуучин Югослав задарсны дараа тусгаар тогтносон Македон улсыг нэрээ солихыг Грек улс байнга шаардаж, Европын Холбоо, NATO-д элсэхэд нь хориг тавьсаар ирсэн.

Тэгвэл саяхан Македон улс нэрэндээ “Умард” гэсэн тодотгол нэмснээр асуудлыг эцэслэх тохиролцоог Гректэй хийгээд байгаа. 

Харин одоо энэ улсын бас нэг хөрш Болгар улс хэлний маргаан дэгдээж эхэлжээ. Олон жилийн турш хоёр орны хооронд македон хэлний асуудлаар маргаантай явж ирсэн бол одоо дахин сэдэрч байгаа нь энэ юм.

Македон улсын эрх баригчид өөрийн македон хэлийг Өмнөд Слав хэлний нэг бие даасан төрөл гэж үздэг, үүгээрээ ялгарахыг хичээдэг. Харин Болгар улс македон хэл гэж байхгүй, харин болгар хэлний нэг салбар аялга гэж үздэг юм.

1992 онд Югославаас салсан Македон улсыг хамгийн анх Болгар улс хүлээн зөвшөөрсөн боловч македон хэлийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй. Энэ сарын эхээр Македоны ерөнхий сайд Зоран Заев парламентад үг хэлэхдээ нэр солихтой холбоотой үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай тайлбарлаж, энэ үеэр македон хэлний асуудлыг хөндсөн байна.

Гэтэл түүний үгийг сонссон Болгарын үндсэрхэг үзэлтнүүд хэлний маргааныг дахин сөхөж, хэрвээ Македончууд болгар хэлээр ярьдагаа хүлээн зөвшөөрөхгүй бол Европын Холбоо, NATO-д элсэхэд нь хориг тавина хэмээн сүрдүүлж эхэлжээ.

Тэдний нэг Болгарын эвслийн засгийн газарт багтдаг Болгарын Үндэсний Хөдөлгөөн намын тэргүүн Красимир Каракачанов саяхан хэвлэлд ярихдаа Македончуудыг хэлээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлснээр Болгарын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн байна.

“Умард Македон гэдэг үнэндээ газарзүйн нэр томъёо. Үүнд Болгарын газар нутаг ч багтдаг” гэж тэр ярьжээ. Өөрөөр хэлбэл македон хэл байдгийг хүлээн зөвшөөрүүлснээр энэ хэл аялгаар ярьдаг Болгарын зарим бүс нутгийг өөрийн нөлөөнд оруулах далд санаа хэрэгжүүлж байна гэж тэр үзсэн байна.

Хэлний асуудал нь Македон, Болгар хоёр улсын хооронд яригддаг олон маргааны зөвхөн нэг нь юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы холбоотон байсан Болгарын цэрэг Македоны газар нутагт хяналтаа тогтоож байв. Македоны түүхийн сурах бичигт Болгарын цэргийг “фашист эзлэн түрэмгийлэгчид” гэж нэрлэдэг бол Болгарын түүхийн сурах бичигт “чөлөөлөгчид” гэж нэрлэдэг байна.

Мөн Оттоманы эзэнт гүрний захиргаанд байх үеийн тусгаар тогтнолын тэмцлийг тэд өөрийн түүхийн нэг хэсэг болгохоор булаацалдан маргадаг.

Ийнхүү байгуулагдаад 25 орчим жил болж буй Македон улс хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон саад бэрхшээлтэй тулгарсаар байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty