Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Гарамжав: Дубайн гэрээг хийхэд Ж.Эрдэнэбат та байсан. Яагаад аварч болоогүй юм бэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гишүүдийн хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ерөнхий сайд маань Үндсэн хууль, Парламентад хүндэтгэлгүй хандаж байна. Хүндэтгэлтэй хандсан бол "Үндсэн хууль ажил хийлгэхгүй байна, шүдгүй арслан шиг байна, намын даргын хувьд УИХ-д хариуцлага тооцно" гэж хэлэхгүй байсан. 

Ерөнхий сайд эв нэгдлийг хангаж чадахгүй байна. УИХ-ын гишүүдээ хөдөө гадааныхаар нь дуудаж, хурандаа Хүрэлсүхийг дэмжих ТББ байгуулсан. Бас 65-ын бүлгээ хувааж талцууллаа.

УИХ Засгийн газартай хариуцлага тооцох арга алга. Өнөөдрийн хуралд гэхэд л Засгийн газрын 15 гишүүн орж ирээд сууж байна. Давхар дээлийн горыг бид амсаж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Г.Чинзориг "Манай ард түмэн хэрүүлийн бузраас сэргийлдэг. Хэрүүлээс залхаж байна. Бие биенийхээ мууг яасан ч сайн мэддэг юм. Ард түмнийхээ дунд онигоонд орж гүйцлээ. Бурууд хатуу, зөвд зөөлөн баймаар байна. 2020 он боллоо, ард иргэдтэй уулзана шүү дээ. Эв нэгдлийг сахимаар байна. Хэт хувь хүн рүү дайрсан улс төрөө болимоор байна" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Засгийн газрыг дэмжиж ажиллана. Энэ нь ард түмний хүсэл. Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат гуай намайг гүтгэлээ. Заамарт 300 орчим ААН, хууль бусаар 200 гаруй хүн алт олборлож байна. Өнгөрсөн хугацаанд манай компанитай холбоотой гүтгэлэг маш их явсан. Үүнийг та явуулсан юм уу гэж бодлоо. “Монполимет”-ийг тайван байлга, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат аа. Дубайн гэрээг хийхэд Ж.Эрдэнэбат та байсан. Та яагаад аварч болоогүй юм. Албан тушаалыг авсан бол өгч чаддаг байх хэрэгтэй. Үүрэг хүлээж, албан тушаал авдаг болохоос биш ямарваа нэг юманд ашиглах зэвсэг болгох ёсгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Өнөөдөр энэ танхимд хэрүүл хиймээргүй байна. УИХ-ын гишүүн хамгийн муухай хүн шиг харагдаж байна. Одоо бүгдээрээ эх орноо хөгжүүлэх асуудлаа ярих хэрэгтэй байна. Бидэнд хийх ажил маш их байгаа. 

Нэг хэсэг маань, чинээлэг амьдраад ард түмэн яаж амьдарч байгааг мэдэхгүй байна. Төв банктайгаа хамтраад зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Зээлийн өндөр хүүнд шатаж байгаа ард түмнээ амраая л даа. Хэд дахин сонгогдоод сууж байхдаа улс орны асуудлуудыг шийдэхгүй яасан юм бэ. Олон удаа сонгогдсон гээд бахархаад байх шиг байна. Асуудлаа шийдэхгүй яасан юм. Зөрчлийн хуулиар олон хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж болно гэж бодоод байх шиг байна. Тийм юм байхгүй шүү" гэлээ. 

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.