УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 15:00 цагаас үргэлжлэн хуралдана.
Үдээс өмнөх хуралдаан завсарлахаас өмнөх гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг "У.Хүрэлсүх сайд та нефтийн үйлдвэрийг бариулахгүй байгаа хүмүүс байна Содбилэгээ гээд байх юм. Би нефтийн салбараар энэ танхимд сууж байгаа гишүүдээс илүү олон жил ажилласан туршлагатай хүн. Монгол Улс нефтийн үйлдвэртэй болоосой гэж хамгийн их ажиллаж явсан хүн. Та мэдэх учиртай. Танд хаанаас тийм мэдээлэл ирээд байгааг асуумаар байна.
Хариуцлагын асуудлыг ярихаар сүүлдээ халиад байна. ЖДҮ Засгийн газрыг огцруулах гол асуудал болгож гишүүд ярьж байгаа шүү дээ. Гэтэл та тойруулаад яриад байна.
Ч.Хүрэлбаатар сайд та төрийн сангаасаа гарч ирсэн мөнгөндөө яагаад хяналт тавиагүй юм бэ. Асуулт асуухаар намын даргадаа зэмлүүлж байх нь хүнд байна. Тийм учраас та зөв хариулт өгнө үү" гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ЖДҮ-г хамгаалсан зүйл байхгүй. Зарим нэг компани улсаас хэдэн тэрбумаар нь идэж уусны хажууд бол энэ жижигхэн асуудал.
Нефтийн үйлдвэрийн асуудлаар та нар бүгдээрээ намайг дэмжих хэрэгтэй.
Та нар бензин шатахууны үнийг хямдруулаарай. Засгийн газар хийх ёстой бүх зүйлийг чинь хийгээд өгчихсөн. Холбогдох татваруудыг чөлөөлсөн. Та нар одоо хангалттай баяжсан байгаа шүү. Олсон мөнгө чинь амаар чинь гарахаар болсон шүү. Одоо ард түмнээ бод. Үнээ хямдруулбал өөрийг чинь харин дахиад сонгож магадгүй, Содбилэг гишүүн ээ" гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "О.Содбилэг гишүүн ЖДҮ-гийн талаар мэдэж байсан уу гэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮ дээр 2018 онд огт төсөв тавилгүй өргөн барьсан.
2018 оны төсвийг 2017 онд өргөн барьсан. 2019 оны төсөвт мөн ЖДҮС-нд төсөв тавиагүй. Ингээд хоёр жил дараалан мөнгө тавилгүй ирсэн.
Сангийн 2012-2017 оны үйл ажиллагаан дээр нь шалгалт хийж үзсэн. Ингээд үзэхээр хамгийн үр ашиггүй байдлаар энэ мөнгө олгогдож байна гэж үзсэн. Арилжааны банкаар явж байсан механизмыг 2016 оны арваннэгдүгээр сард яамд олгохоор болсон. Ийм хоёр зүйл хийгдээд байсан. Тийм учраас ЖДҮС-гийн зээлийг хамгийн зөв, оновчтой хэлбэрээр олгох нь зөв. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг бид хамгийн оновчтой хэлбэрээр олгох ёстой гэдэг зарчмаар мөнгө тавихгүй оруулж байсан юм.
Төрийн сангаар орж байгаа гүйлгээг Сангийн яам хянах ёстой гэж байна. Хэдэн арван сая гүйлгээ хийгдэж байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нар мөнгөө хариуцан хяналтаа тавиад явах ёстой" гэлээ.
ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!