Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Виферон лааны эмчилгээний үр дүн батлагдаагүй, сөрөг гаж нөлөөтэй эсэхийг судалж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл Мэндийн Яамны газрын дарга, мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийж, сүүлийн үед олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд буй виферон лааг эмчилгээнд хэрэглэж болох эсэх талаар албан ёсны тайлбар хийлээ.

Хэвлэлийн бага хурдын эхэнд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Эмчилгээний үр дүн нь батлагдаагүй, олон улсад бүрэн судлагдаагүй ийм эмийн бодис лааг хавтгайруулан хэрэглэж, үүнээс гадна ЭМД-ийн сангаас багагүй хэмжээний хөрөнгийг тус эмийн үнийн хөнгөлөлтөд зарцуулж ирсэн байна" хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн холбогдох албаныхан виферон лаа нь Монгол Улсын эмийн бүртгэлд хэзээ бүртгэгдсэн, хөнгөлөлтөд хэдэн төгрөг зарцуулсан болон тус эм гаж нөлөөтэй эсэх тал дээр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны захиалгаар Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2016-2018 онд хэрэгжсэн "Улсын эмнэлгийн боломжийн үнэтэй эмийн хангамж хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд виферон эмийн эмчилгээний идэвхийн асуудал хөндөгдөн гарч иржээ.

Тус төслийн тайланд дурдсанаар "Виферон капсулыг ууж болон лааг шулуун гэдсээр хэрэглэх нь үр нөлөөтэй гэсэн хангалттай нотолгоо байхгүй байна" гээд "Үр нөлөөний баталгаа багатай эмүүдээ ЭМДСангийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасах нь зүйтэй. Хэрэглээнээс гарсан болон зайлшгүй шаардлагатай бус эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасах нь үнэтэй хамааралгүйгээр эмийн зардлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой арга юм" гэсэн зөвлөмж өгчээ. Үүний дагуу хөнгөлөлтийн хувь хэмжээг бууруулсан байна.

Түүнчлэн ЭМЯ-н дээр тус эмийн эмчилгээний идэвх, аюулгүй байдлын асуудал дээр ажлын хэсэг гарч, импортлогч компаниас ирүүлсэн материалууд дээр ажиллаж байгаа. Ойрын хугацаанд дүгнэлт гарна гэлээ.

2010 оноос Виферон лааг хэрэглэж, 2014 оноос 2018 оны долоодугаар сар хүртэл жоргүй олгож байжээ

2010 оны наймдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн виферон лааг одоогоор 12 улсад бүртгэгдэн хэрэглэгдэж байгаа аж. Жортой олгогдож байсан тус эмийн үйлдвэрлэгчээс 2014 онд ирүүлсэн хүсэлтийг Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн жоргүй олгож эхэлсэн байна.

2018 онд Эмийн салбар зөвлөлийн хурлаар уг эмийг жортой болгох асуудлыг хэлэлцэж, долоодугаар сард Хүний эмийн зөвлөлийн хурлаар оруулан жортой болгох шийдвэрийг гаргажээ.

Виферон лааг 91 мянган иргэн хөнгөлөлттэй үнээр авч, үүнд ЭМД-ын сангаас 3.9 тэрбум төгрөг зарцуулсан
 
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны гуравдугаар сарын 25-нд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон бөгөөд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд хүргэж, ЭМД-ийн сангаас 2016 онд 1.9, 2017 онд 2 тэрбум орчим төгрөгийг тус эмийн хөнгөлөлтөд зарцуулсан. Энэ хугацаанд 91 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдсаны 50 гаруй хувь нь хүүхдүүд байгаа. 2018 оны долоодугаар сараас хөнгөлөлтийн хэмжээг багасгасан бөгөөд хүүхдэд олгох виферон лаанд хөнгөлөлт үзүүлэхгүй болсон гэх мэдээллийг ЭМД-ын ерөнхий газрын ерөнхий захирал Л.Алтанхуяг өглөө.

Үүн дээр нэмж ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Зайлшгүй шаардлагатай буюу амь нас аврах эмийг иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд ЭМДСангаас хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаггүй эм ЭМДСангаас хөнгөлөлт авсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны статистикаар эмийн зах зээл бөөний үнийн дүнгээр 441 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оноосоо 200 тэрбум гаруйгаар нэмэгдсэн дүн. Эмийн ханган нийлүүлэлт 100 хувь хувийн хэвшилд байгаа ч төрөөс өсөн нэмэгдэж байгаа эмийн хэрэглээ, түүний чанарт хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд эдгээр асуудлыг хөндөж байгаа" гэв.

ЭМЯ томуугийн дэгдэлтийн үед виферон лаа хэрэглэхийг зөвлөж байгаагүй гэв

Түүнчлэн ЭМЯ-ны зүгээс томуугийн дэгдэлттэй холбогдуулан эмчилгээний удирдамж, зөвлөмж гаргахдаа ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс гаргасан зөвлөмжийг үндэслэдэг гээд томуугийн үеийн эмчилгээний зөвлөмжид виферон лааг хэрэглэх талаар зөвлөж байгаагүй гэв.

ЭХЭМҮТ виферон лааг эмчилгээнд хэрэглэдэггүй, хэрэглэхийг зөвлөдөггүй хэмээн тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр нэмж хэлэв.

ЭМЯ-ны хуулийн хэлтсийн мэргэжилтэн "Зар сурталчилгааны тухай хуулинд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэх тухай сурталчилгаа явуулж болно. Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна гэж заасан байдаг.

Гэтэл томуу өвчний эмчилгээний заавар удирдамжид ороогүй виферон лааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой байгууллагууд болох МХЕГ, ШӨХТГ, ЭМХТ-д ЭМЯ-наас албан бичиг хүргүүлж байгаа. Эдгээр байгууллагуудын шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдвол хуулийн байгууллагад хандана" гэдгээ хэллээ.

Монгол Улсад 384 эм ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулж, эмийн бүртгэлд бүртгэгдсэн 5,884 эмийн 67 хувь буюу 3,939 импортоор оруулж ирдэг байна. Эдгээрийн нэг болох 2010 оноос манай улсад худалдаалагдаж буй виферон лааны эмчилгээний үр дүн батлагдаагүй, сөрөг гаж нөлөөтэй эсэхийг судалж байгаа учир эцсийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орох болон даатгалаас өндөр дүнгээр хөнгөлөлт авах ёсгүй гэж үзэж байгаагаа ЭМЯ-наас илэрхийллээ.