Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб ханхүүгээ аврахын тулд таван хүнийг цаазална

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Саудын Арабын прокурор сэтгүүлч Жамал Хашоггийн аллагад буруутай гэж үзсэн таван хүнд цаазын ял оноохоор төлөвлөснөө зарлажээ.

Тэдний тайлбарлаж байгаагаар Саудын тагнуул, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд Хашоггийг Туркээс хулгайлж авчрах тушаал авсан боловч ажиллагааны үеэр сэтгүүлч эсэргүүцэл үзүүлсэн тул амийг нь хөнөөсөн гэнэ.

Үүнээс өмнө Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийн аллагыг урьдаас төлөвлөж, бэлдсэн байсан гэж мэдэгдэж байв. Тиймээс өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн тайлбар хийсэн нь энэ юм.

Уг хэрэг явдалд тус улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман ямар ч холбоогүй гэдгийг прокурорын төлөөлөгч мэдэгдсэн байна. Прокурорын мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын сангийн яам сэтгүүлчийн аллагад холбоотой гэгдэх 17 хүнийг хар жагсаалтад оруулснаа зарлажээ. Тэдний дотор ханхүүгийн нэр байгаагүй юм.

Саудын Араб болон АНУ-ын эрх баригчдын бараг зэрэг гаргасан эдгээр шийдвэрүүд нь тэд ханхүү Мохаммед Бин Салманыг уг хэрэгтэй хутгахгүй авч үлдэх сонирхолтой байгааг харуулж байна.

Харин аллагын хэрэг нутаг дэвсгэрт нь гарсан Турк улс ханхүүг холбоотой гэж үзсэн хэвээр байгаа юм. Өчигдөр Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу Саудын Арабын мэдэгдлийг “хангалтгүй” гэж дүгнээд Хашоггийн аллага гэнэтийн явдал байгаагүй, урьдчилан төлөвлөгдсөн байсан гэж ярьжээ.

“Түүний амийг хөнөөж, цогцсыг нь мөчлөх багаж зэвсэг, мэргэжлийн хүмүүс өмнө нь очоод байсныг санах хэрэгтэй” гэж тэр мэдэгдсэн байна.

Саудын Арабын прокурор энэ хэрэгт нийт 21 хүнийг холбогдуулан шийтгэхээр төлөвлөсний дотор Истанбулын консулын газарт очсон аллагын багийн гишүүн 15 хүн байгаа юм.

Одоогоор Турк, Саудын Арабын хамтарсан мөрдлөг явагдаж байгаа. Гэвч Туркийн тал хамтарсан мөрдлөгийг зориудаар удааж, баримтуудаа нууж байгаа Саудын талыг шүүмжилж байгаа юм.

Хашоггийн цогцос одоо болтол олдохгүй байна. Туркийн мөрдөгчид Истанбул дахь консулын байрнаас сэтгүүлчийн цогцсыг химийн бодист уусгасан байж болзошгүй биологийн ул мөр олдсон гэж байгаа.

Өчигдөр орой АНУ-д хоёр намын хэсэг сенаторууд дээрх аллагатай холбогдуулан Саудын Арабыг шийтгэх хуулийн төсөл танилцуулжээ. Хэрвээ энэ төсөл хууль болж хэрэгжвэл Саудын Арабт зэвсэг нийлүүлэхийг хориглож, Йеменд агаарын цохилт явуулж байгаа нисэх онгоцнуудыг нь АНУ-ын хөлгүүд цэнэглэхээ зогсоох юм.

Жамал Хашогги нь Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүгийн бодлогыг хүчтэй шүүмжлэгч байсан бөгөөд өнгөрсөн сарын 2-ны өдөр Истанбул дахь консулын газарт очоод сураггүй болжээ.

 

Эх сурвалж: The Guardian