Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Каледоний иргэд өнөөдөр Францаас салах эсэхээ шийднэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Франц улсын Номхон далай дахь колони Шинэ Каледони арлынхан өнөөдөр буюу Ням гарагт тусгаар тогтнолын санал хураалтад оролцоно.

Францын эх газраас 18,000 км зайд оршдог уг арал нь дэлхийн никелийн нийлүүлэлтийн дөрөвний нэгийг хангадаг, Франц улсын хувьд Номхон далай дахь стратегийн чухал эзэмшил нь юм.

Шинэ Каледоний 175,000 орчим санал өгөх эрхтэй иргэдийн дийлэнх нь Францын колони хэвээр байхыг дэмждэг. Гэхдээ санал асуулгын дараа нутгийн уугуул Канак хүмүүсийн тэмцэл эрчимжинэ гэсэн айдас байгаа юм.

Уугуул иргэд тусгаар тогтнолыг дэмждэг бөгөөд 1980-аад оны үед цагаан арьст оршин суугчидтай цуст тэмцэл өрнүүлснээс 70 гаруй хүний амь үрэгдэж байжээ.

Эцэст нь 1998 онд Ноумеагийн гэрээ гэгчийг байгуулан иргэний дайныг зогсоож, өнөөдрийн санал хураалтыг явуулах тохиролцоонд хүрсэн юм.

Канак хүмүүс Шинэ Каледоний сонгогчдын 50 хүрэхгүй хувийг эзэлдгээс гадна зарим уугуул хүмүүс Францын дэмжлэггүйгээр оршин тогтнож чадна гэдэгтээ итгэлгүй байна. Парис жил бүр энэ арлын төсөвт 1.3 тэрбум евро хуваарилдаг нь эдийн засгийн гол тулгуур болдог.

1853 онд Францын колони болсон арлынхны 63-75 хувь нь Францаас салахын эсрэг байгаа нь урьдчилсан судалгаанаас харагдаж байгаа юм. 1998 оны тохиролцооны дагуу 2022 оноос өмнө Шинэ Каледонид дахин хоёр удаа тусгаар тогтнолын санал хураалт зохион байгуулах боломжтой.

Өнөөдрийн санал хураалтын дараа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон арлын оршин суугчдад хандаж телевизээр мэдэгдэл хийх юм.

Тэрээр тусгаар тогтнолын эсрэг байгаа ба өнгөрсөн тавдугаар сард тус аралд айлчлахдаа “Шинэ Каледонигүйгээр Франц улс сүр жавхлангаа алдана” гэж мэдэгдэж байжээ.

Макрон бас Номхон далайн арлуудад Хятадын нөлөө нэмэгдэж байгаад санаа зовж байгаагаа энэ үеэр илэрхийлж байв. Тухайлбал 1980 онд Франц, Британиас салж, тусгаар тогтносон Вануату аралд Бээжингээс маш их хөрөнгө оруулалт хийж байгааг тэр дурдаж байсан юм.

Тиймээс тусгаар тогтносон Шинэ Каледони нь Номхон далай дахь Хятадын нэг түшиц газар болно гэсэн айдас Парист байгаа ажээ.

Нийт 269,000 хүн амтай Шинэ Каледони 19 дүгээр зуунаас өвлөгдөж ирсэн Францын цөөн хэдэн колонийн нэг юм.

Францын бусад колониуд болох Өмнөд Америк дахь Гайана, Энэтхэгийн далай дахь Майотте арлынхан өнгөрсөн оноос хойш амьдралын түвшин дорой байгаагаа эсэргүүцэн тэмцэж эхэлсэн. Тиймээс Шинэ Каледоний санал асуулгын үр дүн тэдэнд бас нөлөөлж болох юм.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
1 | 26 минут