Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн тэргүүн баяны хүүгийн хуримд Жастин Бибер дуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Азийн тэргүүн баян болох Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн бага хүүгийн энэ оны эхнээс эхэлсэн хуримын үйл ажиллагаа сүүлчийн шатандаа шилжиж байна.

29 настай Анант Амбани, түүний нас чацуу багын найз Радхика Мерчант нарын Хинду шашны уламжлалын дагуух хуримын ёслол долдугаар сарын 12-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэх юм.

Хуримыг угтсан гала тоглолт өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн орой зохион байгуулагдаж, Канадын поп од Жастин Бибер оролцжээ.

Лос-Анжелес хотоос ниссэн Бибер тухайн өдрийн өглөө Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотын нисэх буудалд ирсэн байна.

Баасан гарагийн гала тоглолтод Болливүүдийн од Салман Хан зэрэг олон алдартнууд оролцжээ.

Биберийг энэ тоглолтынхоо төлөө $10 саяыг авсан гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Амбани, Мерчант нарын хуримын үйл ажиллагаа энэ оны хоёрдугаар сард гурван өдрийн гала тоглолтоор эхэлж, Америкийн поп од Рианна оролцож байв.

Тус арга хэмжээнд бас Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэрг, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын охин Иванка оролцож байжээ.

Дараа нь зургаадугаар сард хос хоёр Газар дундын тэнгисээр дөрвөн өдөр аялахдаа Францын Канн хотын нэг харшид Америкийн поп од Кэти Пэрри, Бакстрит Бойз хамтлаг, рэппэр Питбулл, Италийн тенор Андреа Бочелли нарыг дуулуулсан юм.

Тэрбумтан Мукеш Амбани хүүхдүүдийнхээ хуримд гар татдаггүйгээрээ алдартай.

Тэрбээр 2018 онд охиныхоо хуримд $100 саяыг зарцуулж, поп од Бейонсег дуулуулж байжээ.

Олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Reliance Industries группийн ерөнхийлөгч 67 настай Амбани нь Форбс сэтгүүлийн тооцоолсноор $113 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 11 дүгээрт бичигддэг.

Тэр бас Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн ойрын холбоотон юм.

Амбанигийн бэр болж буй Мерчант нь Энэтхэгийн эмийн бизнесийн магнатын охин юм байна.

 

Эх сурвалж: AFP