Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой” компани цаг үеийн мэдээлэл хүргэж байна

Э.Аззаяа, iKON.MN
2024 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Оюу толгой” компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт (Журмын нэмэлт)"-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм. Үүнтэй холбоотой Гүйцэтгэх захирлын зүгээс ажилтнууддаа илгээсэн захидлыг хүргэж байна.  

Гүйцэтгэх захирал Дэйрдре Лингенфэлдер:

Эрхэм нөхөд өө,

Та бүхэнд энэхүү бичгийг миний бие ихэд сэтгэл зовнин бичиж байгаа ч үүний зорилго нь маш тодорхой юм. Бидний хамтын ирээдүйд ноцтой сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй үйл явдлыг үүгээр дамжуулж сэргийлэхийг хүссэнийг минь ойлгон хүлээн авна уу. Учир юу вэ гэхээр бид сүүлийн хоёр сар орчмын хугацаанд “Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн удирдлагатай тогтмол уулзалт, яриа өрнүүлж, асуудалд ил тод нээлттэй, уян хатан хандах чин эрмэлзлээ үгээр биш үйлдлээрээ илэрхийлж ирсэн. Тэдний зүгээс хууль бус үйлдэл гаргасан хэдий ч компанийн удирдлага аль болох эв зүйг олж, хамтран ажиллахыг хичээж ирлээ..

Харамсалтай нь өрнөөд буй маш ноцтой нөхцөл байдлын талаар би байр сууриа илэрхийлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Энэ нь “Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн удирдлага бас дахин хууль бус ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөөд буй асуудал юм. Ийм арга замаар явбал та бидний ирээдүйг эрсдэлд оруулах ба хууль бус ажил хаялт нь өөрөө маш хортой үр дагаврууд дагуулдаг болохыг ганц би та бүхэнд сануулаад зогсохгүй мөн бид бие биедээ бас ойлгуулах нь нэн чухал юм.

Тийм ч учраас бид энэ асуудалд хууль ёсны арга замуудыг эрэлхийлэх нь чухал. Ингэснээр бид хамтдаа ажилтан хамт олныхоо эрх ашиг, ирээдүйг хамгаалж, бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах болно. Харин хууль бус ажил хаялтад оролцох нь өөрөө хуулийн дагуу сахилгын шийтгэл хүлээх үндэс болж, үр дүнд нь ийм төрлийн ажил хаялтад оролцсон ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах нөхцөл байдал үүснэ.

Бидний хамт олны амжилт бүтээл үргэлж гар нийлсэн багийн ажиллагаа, харилцан хүндэтгэл дээр суурилж ирсэн. Туйлын харамсалтай нь өдгөө бид бүгдийг дотор нь хагаралдуулах хий хоосон цуу яриа, хууль бус сүрдүүлэг, нийгмийн сүлжээ дэх баримтгүй гүтгэлэг, харлуулалт болон хууль бус үйлдэлд өдөөн хатгах үйлдлүүд ихээр гарах болж. Үүнтэй холбоотой нэг зүйлийг би маш тодорхой хэлье. Компанийн зүгээс хууль бус үйлдлийг огт хүлцэн тэвчихгүй. Компанийн зүгээс хуулиар олгогдсон бүхий л эрхээ хэрэгжүүлж өөрийн ажилтнууд, үйл ажиллагааг хамгаалах болно. Гүйцэтгэх захирлын хувиар миний бие энэ бизнесийг тогтвортой үргэлжлүүлж, үндсэн гэрээт нийлсэн 22,000 хүний ирээдүйг хамгаалах учиртай.

Бид аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үргэлжлүүлэн харилцан ярилцаж, хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн хороодтой удаа дараа уулзаж Хамтын гэрээний хэлэлцээнд орох алхмыг эхлүүлэхийг эрэлхийлсээр байгаа бөгөөд бүх шаардлагууд хангагдсан тохиолдолд энэ үйл явцыг эхлүүлэхэд бэлэн байгаа билээ. Одоогийн байдлаар Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхэд шаардагдах шаардлагыг хараахан биелүүлээгүй байна. Иймд, тус Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудыг цаашид ажилчдын маань сайн сайхан байдалд нөлөөлөхүйц шийдвэрүүдийг гаргалгүй, харилцааг эрхэмлэн, хуульд нийцтэй арга замаар хандахыг хүсэж байна. Мөн ажилтнууд та бүхнийгээ хүчтэй байж, өөрийн хөдөлмөр эрхлэлт болон ирээдүйгээ эрсдэлд оруулах алхам бүү хийгээрэй гэж хичээнгүйлэн хүсье.

Бүгдээрээ хамтран нэгдэж, аюулгүй, эвтэй найрсаг, тогтвортой ажлын орчныг бүтээцгээе! Бидний хүчирхэг тал бол аливаа асуудалтай тулгарахад хамтран нэгдэж, бие биедээ хүндэтгэлтэй хандан, зоримог шийдэмгий байхад үргэлж оршдог билээ. 

Бид ямар ч саад бэрхшээлийг хамтдаа даван туулж чадна. Бахархалтай гайхам ирээдүйг бид мөн л хамтдаа бүтээж чадна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.