Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн шинэ ерөнхий сайд Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ амлав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт болж өнгөрсөн Их Британийн парламентын сонгуульд Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, 14 жил үргэлжилсэн Консерватив намын засаглалыг зогсоосон билээ.

Өчигдөр буюу Баасан гарагт ерөнхий сайдын албан тушаал Консерватив намын Риши Сунакаас Хөдөлмөрийн намын Кир Стармерт шилжжээ.

Ерөнхий сайдын хувиар анх удаа үг хэлэхдээ Стармер өөрийнх нь удирдах шинэ засгийн газар болон зүүн төвийн үзэлтэй нам Их Британийн эдийн засгийн хүндрэл, амьжиргааны өртгийн өсөлттэй шинэ арга барилаар тэмцэхээ амласан байна.

Харин аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлууд дээр өмнөх засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Ерөнхий сайдын ажлыг хүлээж авснаасаа хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа Стармер “шинэ засгийн газрын үед Украинд үзүүлэх дэмжлэг сулрах ёсгүй” гэж мэдэгдсэн байна.

“Удирдагчид Украины асуудал дээр тууштай байхаа дахин нотолж, ерөнхий сайд Их Британи улсын Украинд үзүүлэх дэмжлэг гуйвшгүй болохыг онцоллоо” гэж Стармерын ажлын албанаас мэдээлжээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд бас талуудын нэгдмэл байр суурийг илэрхийлсэн байна.

Стармерын мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Украин болон Их Британи улсууд аль ч цаг үед найдвартай холбоотнууд байсаар ирсэн, энэ нь цаашдаа ч үргэлжлэх болно. Бид амьдрал, эрх чөлөө, хууль дүрэмд суурилсан олон улсын дэг журам зэрэг нийтлэг үнэт зүйлсээ үргэлжлүүлэн хамгаална” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Тэр бас Украины найдвартай түнш байсан өмнөх ерөнхий сайд Риши Сунакт талархал илэрхийлсэн байна.

Дөрвөн жилийн өмнө Их Британийн сөрөг хүчин Хөдөлмөрийн намын дарга болж байсан 61 настай хуульч Стармер сонгуулийн дүн гарсны дараа британичуудад хандаж үг хэлэхдээ “Ийм мандат асар том үүрэг хариуцлагатай цуг ирдэг юм” гэж мэдэгджээ.

Баасан гарагт орон нутгийн цагаар 12:00 цагт Букингэмийн ордонд Чарльз хаан шинэ ерөнхий сайдын үүрэгт ажлыг албан ёсоор эхлүүлж, засгийн газраа байгуулах эрхийг Стармерт өгсөн байна.

 

Эх сурвалж: AFP