Уншиж байна ...

Израилийн тал амь насанд нь халдахаар төлөвлөж буйг Ираны шашны удирдагч Хезболлагийн тэргүүнд анхааруулсан гэнэ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Израилийн зэвсэгт хүчин агаарын оновчтой цохилтоор Ливаны нийслэл Бейрут хотод нуугдаж байсан Хезболла зэвсэгт байгууллагын удирдагч Хассан Насраллагийн амийг хөнөөсөн билээ.

Тэгвэл энэхүү аллагын талаар хэдхэн өдрийн өмнө Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени түүнд анхааруулж байсныг Тегераны гурван тусдаа эх сурвалж мэдээлсэн байна.

Тухайлбал есдүгээр сарын 17-нд болсон пэйжерийн халдлагын дараа Хаменийн тусгай элч Ливанд ирж, Израилийн тусгай албад аллага зохион байгуулахаар төлөвлөж буйг Насраллад дуулгаад яаралтай Иранд ирэхийг зөвлөж байжээ.

Тусгай элч нь Насраллагийн хамт Израилийн агаарын цохилтод алагдсан Ираны хувьсгал гвардын командлагч, бригадын генерал Аббас Нилфорушан байсан байна.

Насраллаг алагдсаны маргааш Хамени өөрөө Ираны хаа нэгтээ нууц байрлалд шилжсэн гэнэ.

Одоо Тегераны эрх баригчид Хаменийн амь насанд санаа зовж байгаагаас гадна Иран болон Хезболлагийн холбоотны харилцаанд үл итгэлцэл бий болохоос ихээхэн болгоомжилж байгааг эх сурвалж мэдээлжээ.

Тегераны эрх баригчид 1980-аад оны эхээр Ливанд Хезболлаг үүсгэн байгуулсан бөгөөд тус зэвсэгт байгууллага нь Ираны бүс нутгийн холбоотнуудын хамгийн хүчирхэг гишүүн байсаар ирсэн юм.

“Ираны эрх баригчид сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд бүтээсэн хамгийн том хөрөнгө оруулалтаа алдлаа. Энэ үйл явдал Ираныг цөмд нь хүртэл хүчтэй доргиосон. Израилийн тусгай албадын үйл ажиллагаа хэр гүнзгий нэвтэрснийг харуулсан үйл явдал боллоо” гэн Шведийн Батлан Хамгаалахын Их сургуулийн Хезболлагийн судлаач Магнус Ренстроп ярьжээ.

Үүний улмаас Ираны эрх баригчид өөрийн дотоодод нэвтэрсэн Израилийн тагнуулын сүлжээг нарийвчлан мөрдөж эхэлсэн тухай өөр нэг эх сурвалж мэдээлсэн байна.

Тухайлбал хувьсгалт гвардын офицерууд, тэдний гадаад хэлхээ холбоо, Ираны гадна амьдардаг төрөл төрөгсдийг нь шалгаж эхэлжээ.

Энэ мөрдлөгтэй холбоотой зарим хүмүүсийг баривчилсан тухай бас мэдээлсэн байна.

Насраллагийн аллагын дараа шашны тэргүүн Хамени хэнд ч итгэхээ больсныг Тегераны эрх баригчидтай ойр ажилладаг гурав дахь эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн хэдэн сарын дотор Насраллагаас гадна Хезболла болон Палестины Хамас байгууллагын хэд хэдэн удирдагч алагдаад байгаа. Тухайлбал долдугаар сард Бейрут хотын нууц байрлалд Ираны хувьсгалт гвардын төлөөлөгчидтэй уулзаж байсан Хезболлагийн командлагч Фуад Шукр агаарын цохилтод алагдсан юм.

Үүнээс хэдхэн цагийн өмнө Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Тегеранд очоод байсан Хамасын улс төрийн бодлогын тэргүүн Исмаил Хания алагдаж байжээ.

Шукр нь Хезболлагийн хамгийн орчин үеийн зэвсгийн хөгжүүлэлтийг хариуцдаг, сүүлийн нэг жилийн хугацаанд Израилийн эсрэг Хезболлагийн байлдааны ажиллагааг удирдаж байсан хүн юм.

 

Эх сурвалж: Reuters