Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс уян дискний эсрэг зарласан дайндаа ялалт байгуулсныг зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай, технологийн өндөр хөгжилтэй орнуудын нэг Япон улс 2024 онд л уян дискнээс салж байна.

Өнгөрсөн сарыг хүртэл тус улсын иргэд засгийн газартаа янз бүрийн бичиг баримт илгээхийн тулд мэдээлэл хадгалах хоцрогдсон технологи болох уян диск ашигладаг байв. Японы засгийн газрын 1,000 гаруй дүрэм журам ингэхийг шаарддаг байжээ.

2021 онд тус улсын Дижитал яамны сайд Таро Коно уян дискний эсрэг “дайн” зарлаж байв.

Харин энэ долоо хоногийн Лхагва гарагт тэр “Бид уян дискний эсрэг дайнд ялалт байгууллаа” гэж мэдэгджээ.

Коно энэхүү албан тушаалд томилогдсон цагаасаа хойш төр засгийн үйл ажиллагаанаас хоцрогдсон технологиудыг халах ажлыг хэрэгжүүлж байв.

Тэр бас факс машиныг хэрэглээнээс гаргах шийдвэр гаргаж байжээ.

1960-аад оны үед анх бий болсон уян дискний хэрэглээ 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн ч илүү өндөр багтаамжтай, найдвартай мэдээлэл хадгалах төхөөрөмжүүд бий болсноор түүх болон үлдэж байв.

3.5 инчийн хэмжээтэй уян диск 1.44 Мегабайт багтаамжтай байдаг.

Тэгвэл өнөөдөр 22,000 гаруй ийм диск 32 Гигабайтын флаш дисктэй мэдээлэл хадгалах багтаамжаараа тэнцэж байна.

Sony компани хамгийн сүүлд 2011 онд уян диск үйлдвэрлэхээ зогсоосон юм.

Үйл ажиллагаагаа орчин үеийн тоон технологид шилжүүлэх зорилготой яамыг Японы засгийн газар 2021 оны есдүгээр сард байгуулахад Таро Коно сайдаар томилогдож байжээ.

Японы засгийн газар төдийгүй хувийн хэвшлийн компаниудад ч хуучирсан арга технологи хэрэглэгдсээр байдаг.

Тухайлбал компаниуд одоо болтол албан бичиг баримт дээр ханко гэгддэг хувийн тамга дарах журам үйлчилсэн хэвээр байна.

Үүрэн холбооны өмнөх харилцаа холбооны технологи болох пэйжер (pager) үйлчилгээний сүүлчийн оператор Японд дөнгөж 2019 онд үйл ажиллагаагаа зогсоосон юм.

 

Эх сурвалж: BBC