Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Францын парламентын сонгуульд зүүний хүчнүүдийн эвсэл төсөөлж байгаагүй ялалтыг байгууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Францын парламентын сонгуулийн сүүлчийн шатны санал хураалт болж өнгөрлөө.

Энэ сонгуулиар зүүний үзэл баримтлалтай хүчнүүдийн эвсэл NFP (Nouveau Front Populair) хамгийн олон суудал авсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болжээ.

Өмнөх шатанд хамгийн олон санал авсан хэт барууны улс төрийн хүчин Үндэсний Ралли суудлын тоогоор гуравдугаарт бичигдэж, ерөнхийлөгч Эммануэл Макроны төвийн үзэл баримтлалтай хүчний эвсэл хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Марин Ле Пэний үүсгэн байгуулсан Үндэсний Ралли намыг эхний шатанд хамгийн олон суудал авахад зүүний болон төвийн улс төрийн хүчнүүд үзэл баримтлалын зөрүүтэй байдлаа түр мартан нэгдэж,  хэт барууны үзэлтнүүдийг дараагийн шатанд ялахаас сэргийлэх арга хэмжээ авсан нь ийнхүү хэрэгжиж чаджээ.

Гэхдээ сонгуулийн өмнөх судалгаануудад байнга тэргүүлж байсан Үндэсний Раллигийн хувьд энэ үр дүн гэнэтийн цохилт болж байна.

Үндэсний Ралли намын тэргүүн Жордан Барделла өөрийнх нь намын эсрэг нэгдсэн “Бүгд Найрамдах Фронт” эвслийг “гутамшигтай фронт” гэж нэрлээд тэдний байгуулах засгийн газар Франц улсыг улам доройтуулахыг анхааруулжээ.

Харин тус намын үүсгэн байгуулагч Марин Ле Пэн энэ удаа парламентын суудлаа хоёр дахин ахиулсан хэт барууны үзэлтнүүд дараагийн сонгуулиар ялахад итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сард болсон Европын Парламентын сонгуулиар Үндэсний Фронт нам ялалт байгуулсны дараа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэт баруунтнуудын түрэлтийг зогсоох зорилгоор парламентын доод танхимаа тарааж, ээлжит бус сонгууль зарласан нь улс төрийн томоохон эрсдэл байлаа.

Францын парламентын доод танхимын 577 суудлын 172-215 орчмыг Социалистууд болон Ногоонтнуудаас бүрдсэн зүүний эвсэл авсан нь тодорхой болжээ.

Харин Макроны төвийн хүчнүүдийн эвсэл 150-180 суудал, Үндэсний Фронт нам 115-155 суудал авах тооцоо гарсан байна. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа Макроны хамтран зүтгэгч, ерөнхий сайд Габриэл Атталь албан тушаалаасаа огцроход бэлэн байгааг зарлажээ.

Тэрбээр Даваа гарагийн өглөө ерөнхийлөгчид огцрох хүсэлтээ өгөх бөгөөд шаардлагатай бол гурван долоо хоног орчмын дараа эхлэх Парисын зуны олимпыг дуустал үүргээ гүйцэтгэх боломжтойг мэдэгдсэн байна.

Сонгуулийн албан ёсны үр дүн гарч, парламентын бүтэц тодорхой болсны дараа Макрон дараагийн шийдвэрээ гаргахыг Францын ерөнхийлөгчийн алба өчигдөр орой мэдэгджээ.

“Манай институцүүдийн баталгаа болсон ерөнхийлөгч Францын ард түмний сонголтыг хүндэтгэх болно” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Францын парламентад зүүний хүчнүүд нөлөөтэй болсон нь тодорхой болсны дараа ам.долларын эсрэг еврогийн ханш 0.3 хувиар суларчээ. Фунт стерлинг, иентэй харьцуулахад бас суларсан байна.

Францын хөрөнгийн зах зээлийн индекс CAC 40 ээлжит бус сонгууль зарлагдсанаас хойш Европын гол индексүүдийн дунд хамгийн муу үзүүлэлттэй нь байгаа. Өчигдрийн байдлаар уг индекс ээлжит бус сонгуулийг зарлахын өмнөх түвшнээс 4 орчим хувь доогуур байжээ.

 

Эх сурвалж: Reuters