Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Орбан, Путин нарын уулзалт Герман-Унгарын харилцаанд маргаан үүсгэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Унгарын ерөнхий сайд Виктор Орбан гэнэтийн айлчлалаар Москвад очиж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм.

27 гишүүн орны удирдагчид ээлжилдэг дүрмийн дагуу Европын Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг Орбан энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатай хашиж эхлээд байгаа.

Тэрбээр Европын Холбооны ерөнхийлөгчийн үүргийг хүлээж авсныхаа маргааш Киевт айлчилж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж байв. Европын удирдагчдаас Путинтэй хамгийн ойр харилцаатай гэгддэг Орбан дайтагч талуудын хооронд энхийн гэрээ байгуулахад зуучлах зорилготой байна.

Гэхдээ тэр ОХУ-д ашигтай нөхцөлөөр буюу эзлэгдсэн нутаг дэвсгэрээс Украины цэргийг гаргах замаар гал зогсоохыг уриалж байгаа.

Орбаны айлчлалыг Европын бусад удирдагчид эрс шүүмжилж, түүнийг Европын Холбоог ганцаар төлөөлөх чадамжгүйг анхааруулсан байна.

Баасан гарагт Германы канцлер Олаф Шольц сэтгүүлчидтэй уулзахдаа төлөвлөгөөгөө зарлалгүй Москвад очсон Орбаныг шүүмжилж, “Унгар улс биш, Шарль Мишелийн төлөөлдөг Европын Зөвлөл гадаад бодлогыг хариуцдаг” гэж мэдэгджээ.

Тэгвэл канцлер Олаф Шольцын мэдэгдлийн дараа Унгарын засгийн газар Даваа гарагт Будапешт хотод болох байсан хоёр улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг гэнэт, тодорхойгүй шалтгаанаар цуцалсан байна.

Орбаныг Брюсселийн эрх баригчдад мэдэгдэлгүй Москвад очих гэж байгааг Пүрэв гарагийн орой Шарль Мишель анхааруулж, Унгарын албаныхантай холбогдож тодруулах боломжгүй байгааг хэлж байв.

“Энэ байр суурь нь Европын Холбоо болон ерөнхийлөгч Путиний албан ёсны харилцааг үгүйсгэж байна. Тиймээс Унгарын ерөнхий сайд Европын Холбоог ямар ч хэлбэрээр төлөөлөхгүй юм” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргаа, НАТО-гийн удирдагч бас Орбаны зарлаагүй айлчлалыг буруутгасан мэдэгдэл гаргасан байна.

Путинтэй уулзсаныхаа дараа Орбан дайтагч талуудын байр суурь нэлээд зөрүүтэй байгаа тул энх тайвныг тогтооход Орос, Украины эрх баригчид “олон алхам” хийх шаардлагатайг мэдэгдсэн байна.

Түүний Киевт хийсэн айлчлал ч бас тодорхой үр дүнд хүрээгүй юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ айлчлал зөвхөн Орбаны санаачилга байсан, Киевт айлчилсныг маргааш нь л мэдсэн гэж ярьжээ.

Москвагийн эрх баригчдын Украины эсрэг явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг Европын Холбоо эрс буруушааж, Оросын эсрэг нийтдээ 14 ээлжийн хориг арга хэмжээ зарлаад байгаа юм.

 

Эх сурвалж: AFP