Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг гарагийн туршилтад оролцсон судлаачид нэг жил гаруйн дараа битүүмжлэгдсэн байгууламжаас гарч ирлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ангараг гарагт хүн илгээх боломжийг судлах зорилгоор NASA өөрийн дөрвөн судлаачийг Техас мужийн Хьюстон хот дахь гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, битүүмжлэгдсэн “Martian” нэртэй байгууламжид 378 хоног амьдруулсны эцэст Бямба гарагт гаргажээ.

Байгууламжийн хаалгыг гурван удаа тогшиж, гарахад бэлэн эсэхийг нь асуусны дараа нээхэд судлаачид угтагсдын алга ташилтын дор гарч ирсэн байна.

Анка Селариу, Росс Броквэл, Натан Жонс, Кэлли Хастон нар хаалттай байгууламжид өөрсдийн хүнсэнд хэрэглэх ногоог тарьж, Ангарагийн татах хүчийг зохиомлоор бүрдүүлсэн орчинд алхаж, хугацааны нэлээд сааталтайгаар дэлхийтэй (гадаад ертөнцтэй) харилцдаг байжээ.

“Сайн байцгаана уу. Та нартай ингэж мэндчилж байгаа нь үнэхээр гайхалтай юм” гэж судлаачдын ахлагч, биологич Хастон инээмсэглэн хэлсэн байна.

“Би та нарын өмнө зогсохдоо уйлахгүй байхыг ихэд хичээж байна” гэж хэлсэн яаралтай тусламжийн эмч Жонс хэдхэн хормын дараа эхнэрээ хараад тэвчээгүй юм.

Тэдний амьдарч байсан байгууламж нь 3D технологиор хэвлэсэн 160 метр квадрат талбайтай сууц ажээ. Энд унтлагын өрөөнүүд, спортын болон уулзалтын танхим, хүнсний ногоо тариалах босоо ферм гээд бүгдийг багтаасан байна.

CHAPEA (Crew Health and Performance Exploration Analgoue) нэрийн дор NASA ийм төрлийн гурван туршилт хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхнийх нь энэ юм.

Үүнээс өмнө 2015-2016 онд Хавайн аралд бас нэг туршилтыг өөр байгууллага явуулахад NASA туслах үүрэгтэй оролцож байв.

АНУ ойрын жилүүдэд саран дээр дахин сансрын нисгэгчдээ буулгах зорилгоор Artemis нэртэй төсөл эхлүүлээд байна. Энэ төслийн хүрээнд дэлхийгээс өөр гараг эрхэс дээр хүмүүсийн урт хугацаанд амьдрах боломжийг судлах юм.

Эндээс олсон туршлага мэдлэгээ NASA ирэх арваны төгсгөлөөр буюу 2030-аад оны үед Ангараг гарагт хүн илгээх үед ашиглах зорилготой байна.

 

Эх сурвалж: AFP