Уншиж байна ...

Далай лам 89 насныхаа төрсөн өдөр өөрийн эрүүл мэндийн талаар тайлбар өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Төвөдийн Буддын шашны тэргүүн Далай лам өчигдөр буюу Бямба гарагт нас сүүдэр 89 хүрсэн байна.

Тэрбээр одоо АНУ-д эмчлүүлж байгаа юм.

“Надад зарим нэг бэрхшээл үүсгээд байсан өвдгөндөө би саяхан хагалгаа хийлгэсэн нь одоо ямар ч асуудалгүй болж, эдгэрч байна. Зарим хүмүүс миний эрүүл мэнд муудаж, эмнэлэгт хэвтсэн талаар мэдээ тарааж, та бүгдийг төөрөгдүүлэх гэсэн байж магадгүй. Ийм ташаа мэдээлэлд итгэх хэрэггүй” гэж тэр АНУ-аас цацсан видео мэдэгдэлдээ ярьжээ.

1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан Далай лам одоо Энэтхэгт амьдардаг. Тэрбээр Хятадын захиргаанд Төвөд орсны дараа 1959 онд Хималайн нурууг даван Энэтхэгт ирж суурьшсан юм.

Далай ламын өндөр нас, эрүүл мэндийн байдал төвөд хүмүүс, сүсэгтнүүдийн санааг зовоож байгаа.

Тэрбээр үүнээс өмнө өөрийнх нь хойд дүр хэзээ, хаана төрөх талаар асуултад 90 нас хүрэх үедээ хариулах тухай амлаж байжээ.

“Би бараг 90 хүрч байгаа ч хөл муудсаныг эс тооцвол эрүүл мэнд сайн байна. Надад төрсөн өдрийн мэнд хүргэсэн Төвөдийн гадна болон дотор оршин суугаа бүх төвөд хүмүүст баярласнаа илэрхийлье” гэж Далай лам өчигдрийн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters