Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОРУМ: Азийн супер сүлжээнд Монголыг холбох шийдлүүдийг хэлэлцэж байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зүүн хойд Азийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 10 жилд 43 хувиар өссөн бөгөөд 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх тооцоо бий. Хотжилт хүрээгээ тэлж, хотод оршин суух хүний тоо хурдтай өсөж буй энэ үед эрчим хүчний тэрхүү хэрэглээг улс орнууд хамтран шийдэх нь хамгийн оновчтой шийдэл болоод буй. Тийм ч учраас Японы Soft Bank-ны ерөнхийлөгчийн санаачилсан Азийн супер сүлжээ Монгол, Хятад, Орос, Солонгос, Япон гэсэн таван орныг хамарсан томоохон төсөл болон хэрэгжихэд алхам алхмаар ойртсоор байгаа юм. 

Уг санаачилгын хүрээнд “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ хамтын ажиллагааны форум” өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Дэлхийн хүн амын 25 хувь нь оршиж, эдийн засгийн 25 хувийг үйлдвэрлэж буй Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээг хангах том төслийн урьдчилсан судалгаануудыг энэ үеэр танилцуулж буй. Форумд 20-иод орны 200 төлөөлөгч оролцож байна.

Т.Гантулга: Эрчим хүчээ экспортлоод эхэлбэл Монгол Улс жилд 5-6 тэрбум ам.доллар олно

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Азийн супер сүлжээ санаачилгын хүрээнд Монгол Улсын эрчим хүчний нөөц анхаарал татсаар байна. Манай улсын гүйцэтгэх үүрэг ямар түвшинд байна вэ?

-Эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нөөц маш ихтэй гэдгээрээ Монгол Улс анхаарал татаж байгаа юм. Зарим нэг тоо дурдъя л даа. 

  • АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний лабораторийн тооцсоноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхиар эрчим хүч үйлдвэрлэхэд нэн тохиромжтой буюу энэ нь жилд 2,550 терраватт/цаг эрчим хүчийг салхиар үйлдвэрлэх боломжтой гэсэн үг
  • Олон улсын Эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр хүлээж авах нарны жилийн дундаж нийлбэр цацрагийн хэмжээ 1,400 квт/цаг/ метр.кв.жил. Энэ нь жилд 4,774 терраватт/цаг эрчим хүчийг нараар үйлдвэрлэх хэмжээний нөөцтэйг илтгэнэ. 

Энэ бүхэн дэлхий нийтийн анхаарлыг татах гол үзүүлэлтүүд болж буй юм. Монгол Улс Азийн супер сүлжээ санаачилгад анхнаас нь оролцож, дэмжиж, гол зохион байгуулагчаар нь явж байгаа бөгөөд Засгийн газрын оролцоо, дэмжлэг сайн байгааг олон улсын байгууллагууд онцолж байна. 

-Манай Засгийн газрын зүгээс энэ хүрээнд хийсэн ажлыг Та тодруулахгүй юу?

-2015 онд Улсын Их Хурал Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг баталлаа. Эдгээр бодлогын бичиг баримт, хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нэгдүгээрт бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёрдугаарт Азийн супер сүлжээ олон улсын санаачилгыг бүс нутгийн орнуудтай хамтран хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. 

Азийн супер сүлжээ санаачилгад Монголын Засгийн газрын оролцоо, дэмжлэг сайн байгааг олон улсын байгууллагууд онцолж байна

-Монгол Улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн нөөц байгаад Засгийн газраас бодлогоор дэмжиж буй гэж байна. Тэгвэл техник технологи, хөрөнгө санхүүгийн асуудал дээр хэрхэн зохицуулалт хийх боломж байгаа вэ?

-Азийн супер сүлжээ санаачилгын хүрээнд олон удаагийн уулзалт хийж буй. Хөрөнгө оруулалт санхүүгийн асуудлаас илүү шийдэлээ хүлээсэн олон асуудлууд бий. Иж бүрэн цогц суурь, нарийвчилсан судалгаа хийж, түүнд суурилсан ТЭЗҮ боловсруулах, мастер төлөвлөгөө гаргах, нэгдсэн механизмтай болох, нэгдсэн дүрэмтэй болох зэрэг технологийн дараалал байна. Монгол улсын хувьд хоёр том давуу тал байна.  

  1. Манай улс анхдагч эрчим хүчний арвин нөөцтэй. 
  2. Дэлхийд эрчим хүчний хэрэглээгээр тэргүүлэгч орнуудтай газар зүйн байршлын хувьд зэрэгцэн оршиж байгаа. 

Тухайлбал, манай урд хөрш БНХАУ-ын эрчим хүчний жилийн хэрэгцээ 2 терраватт. Тэгвэл манай улс энэ хэрэгцээг зөвхөн салхины эрчим хүчний нөөцөө бүрэн ашигласнаар хангах боломж байна. Нарны эрчим хүчний нөөц л гэхэд Хятадын хэрэгцээнээс 2.5 дахин их.

Тэгэхээр өнөөдөр мөнгө санхүү гэхээсээ илүү бодлогын дэмжлэг чухал байгааг форумд оролцогч орнуудын төлөөллүүд ч хэлж байна. 

-Судалгааны ажил яг ямар түвшинд явж байгаа вэ. Нарийн тоонууд хэзээ тодорхой болох вэ?

-Азийн супер сүлжээ санаачилгын хүрээнд хамгийн том суурь нарийвчилсан судалгааг 2 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Европын эрчим хүчний хамгийн том компани болох Францын EDF гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүнд Хятадын төрийн өмчит үндэсний сүлжээ “Стэйт грийт”, ОХУ-ын “Россети”, Солонгосын “Кепко” компаниуд, Японы эрчим хүчний судалгааны хүрээлэн оролцож байна. Судалгаа ирэх тавдугаар сард дуусах хүлээлттэй байгаа.

Судалгаанаас хүлээгдэж буй үр дүн:    

  • Монголын газар нутагт ямар хэмжээний нар салхины нөөцтэйг хамгийн сүүлийн үеийн аргачлалаар шинэчлэн тогтоох
  • Эх үүсвэрээ хаана барьж болох оновчтой байршлыг тогтоох
  • Хамгийн сүүлийн үеийн технологиор хэр хүчин чадалтай эх үүсвэр барих
  • Монгол, Орос, Хятад, Япон, Солонгосын сүлжээг хялбаршуулсан модел байдлаар багтаасан горимын тооцоо. Өөрөөр хэлбэл том хүчин чадалтай эх үүсвэрээс хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугамаар хооронд нь холбож горимын тооцоо хийгдэнэ гэсэн үг.
  • Горимын тооцоо, статик, динамик тогтворжилтын тооцоо хийж бодит байдал дээр шалгах, өөрөөр хэлбэл техникийн талаас боломжтой байна уу гэдгийг тооцох
  • Тогтмол гүйдлийн ямар технологиуд хэрэглэх сонголт хийх, хэт өндөр хүчдэлийн технологиуд нь их хэмжээний чадалыг алс хол зайд алдагдал багатай дамжуулах боломж бүрдүүлдэг.

Монгол Улс нар, салхины эрчим хүчийг ашиглаад эрчим хүч экспортлох боломж бий болно. Зарим судалгааны урьдчилсан тайлангаас харахад 2035 он гэхэд манай улс 20,000 мВт эрчим хүчийг экспортлох боломжтой гэж байгаа.  Хэрэв энэ хэмжээний эрчим хүч экспортлоод ирвэл жилд Монгол Улс 5-6 тэрбум ам.доллар олно шүү дээ. 

“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц тооцоолж байснаас өндөр гарсан”

 
Гэрэл зургийг MPA.mn

Азийн супер сүлжээ санаачилгын хүрээнд хийж буй судалгааны явцад Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц тооцоолж байснаас өндөр гарч байгааг Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн удирдагч Филиппе Лиенхарт онцолсон юм. Уг судалгаа 80 хувьтай явж буйг тэрбээр хэлээд судалгааны хоёр гол үзүүлэлтийг тодотгосон юм. 

  1. Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц өмнөх судалгаанд тооцсоноос өссөнийг нарийвчилсан судалгаа харуулж байна. 
  2. Зүүн хойд Азийн орнуудыг холбосон цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж гарсан гэсэн юм. 

Нөөцийн байршлын хувьд өмнө тогтоож байсанчлан говийн бүс тооцогдож байгаа бөгөөд нар, салхийг ижил хувиар ашиглах боломжтой хэмээн үзэж байна. 

Төслийн хүрээнд Монгол Улс гурван шатлалтайгаар эрчим хүчээ нийлүүлэх боломжтойг Филиппе Лиенхарт тэмдэглэв. Эхний шатанд 2026 онд 5 гегават, 2036 онд 10 гегаватт цахилгаан нийлүүлэх бол энэ тоо 100 гегаватт хүртэл нэмэхийг судалгаагаар тооцоод байгаа аж. Гэхдээ энэ бүхний өмнө Монгол Улсын одоогийн байгаа цахилгаан дамцуулах сүлжээг шинэчлэх шаардлагатай бөгөөд ихээхэн хөрөнгө оруулалт хэрэгтэйг дурдсан юм. 

“Монголоос эрчим хүчээ авъя”    

 
Гэрэл зургийг MPA.mn

“Монголоос эрчим хүчээ авъя” гэдэг хүсэлтийг улс орнууд санал нэгтэй илэрхийлж байгааг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан дурдлаа. Ялангуяа, дээр дурдсанчлан манай орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бусад улс орны сонирхлыг эрхгүй татаж байгааг тэрбээр онцолсон юм. Энэхүү нөөцийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, бусад улсын хэрэгцээг ханган боломжтой гэдгийг судалгаанууд нотолсоор байгаа аж. Тиймээс энэ удаагийн хурлаар Азийн супер сүлжээнд Монголын сүлжээг холбох технологийн шийдлүүдийг түлхүү ярьж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Гэхдээ энэ бүхнийг урагшлуулж, цаашид үргэлжлүүлэхэд улс төрийн ойлголцол, шийдвэрүүд шаардлагатай гэдгийг Ази номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комиссын Эрчим хүчний хэлтсийн дарга Хонг Пэн Лю онцоллоо. 

“Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ хамтын ажиллагааны форум” маргааш үргэлжилнэ.