Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг их наяд ам.долларын зах зээлд гол тоглогч байх боломжийг “Азийн супер сүлжээ” олгоно

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын, тэр дундаа говийн сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг ашиглан БНХАУ, БНСУ, Япон зэрэг Азийн улс, цаашлаад Ази Номхон далайн орнуудыг эрчим хүчээр хангах супер сүлжээ байгуулах санаачилгыг мөрөөдөл биш, юу юугүй биелэхэд ойртоод байгааг өчигдөр эхэлсэн “Ази Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний 8 дугаар форум”-д оролцогчид онцоллоо.

Дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээ 25 триллион кВт/цагаар хэмжигдэж байгаа бол манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг долоон триллион кВт/цаг хэмээн тооцоод буй. Энэ нь эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Хятадын хэрэгцээг хангаад илүү гарах хэмжээний нөөц баялаг. 
"ТЭЗҮ ирэх жилийн эхээр дуусах байх"
 

Тийм ч учраас үүнийг олж харсан Японы Soft банкийг үүсгэн байгуулагч Масоёоши Сон Азийн супер сүлжээ байгуулах санаачилгыг хэдхэн жилийн өмнө гаргасан байдаг. Эрчим хүчний сүлжээгээр нэгдэхээр зорьж буй Азийн дээрх орнуудын засаг захиргааг нэгтгэн, улс орнуудын геополитикийн маргаантай зэрэгцэн урагшлуулах том сорилт мэт байсан ч бодит байдал дээр төсөл санаснаас ч илүү хурдтай өрнөж байгааг Эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагва онцолсон юм.

Тэрбээр “Төслийн талаарх нарийвчилсан ТЭЗҮ Монголд хийгдэж байна. Энэ нь санхүүжилт орж ирэх боломж нээгдэж буйг илтгэж байгаа юм. ТЭЗҮ ирэх жилийн эхээр дуусах байх. Оролцогч улс орны төрийн болон төрийн бус томоохон компаниуд хамтран ажиллах санамж бичгээ зураад, хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Зарим ажил нь бүр бодитой хэрэгжээд явж байна. Тухайлбал, Солонгосоос Хятад руу далай доогуур татах кабел шугамын ажлын нарийвчилсан зураг түрүү жил эхэлсэн байгаа. 2023 он гэхэд Хятад, Монгол, Япон, Солонгос хэдийнэ эрчим хүчний сүлжээнд холбогдчихсон байх болов уу. Ерөөсөө ч Япон улс 2020 оны Олимпын наадмаас өмнө Монголоос эрчим хүч авахаа зарлачихсан” хэмээн ярилаа.

"Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Азийн супер сүлжээг эхлүүлэхэд үнийн зөрүүтэй байдлыг нэгтгэх бас нэг асуудал байгаа аж. Харин манай улсын хувьд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Учир нь тус хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заачихсан байгаа нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан дурдсан юм. Тодруулбал, манай улс нэг кВт нарны эрчим хүчний үнэ 15 цент, салхиныхыг 9.5 центээр борлуулахаар хуульд тусгасан бол бусад улс оронд үнэ хэд дахин хямд болжээ. Үнийг хатуу тогтоохын оронд тендер зарлах байдлаар өрсөлдөөн бий болгох нь үнэ бууруулахад түлхэц болно хэмээн тэрбээр нэмж хэлэв. 

"Хэрэв бид олон улсын энэ том төслийг хэрэгжүүлж чадвал Зүүн хойд Азийн орнуудад эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ"
 
Гэрэл зургийг MPA.mn

Үүнээс гадна эрчим хүчний системийг тогтворжуулах зохицуулалт тулгамдаж байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцоллоо. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүч буюу байгаль орчинд ээлтэй эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх талаар улс орнууд өөрийн гэсэн зорилгоо тавиад хөгжүүлээд явж байгаа. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүч байгаль орчинд ээлтэй ч наргүй бол, салхигүй бол яах вэ гэдэг хүндрэл бүхий л улс оронд тулгарч байна.

Жишээ нь, Монголд өвөл 17:00 цагаас хойш наргүй болчихоор нарны станц эрчим хүч нийлүүлж чадахгүй болно. Тэгвэл үүнийг юугаар нөхөх вэ гэдгээ бид шийдэх ёстой. Тийм ч учраас үүнийг шийдэхийн тулд 100мВт-ын цэнэгт хуримтлуурыг бий болгох асуудлаар өнөөдөрхөн Засгийн газрын хуралдаанаар ярилцлаа.

Өнөөдрийн форумаар ч энэ чиглэлээр, улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх явцад өөрсдийн олж харсан туршлагаа хуваалцаж, мэдлэг солилцоно. Цаашлаад хамтран ажиллах талаар ярилцана. Хэрэв бид олон улсын энэ том төслийг хэрэгжүүлж чадвал Зүүн хойд Азийн орнуудад нар, салхины эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ. Энэ чиглэлээр бид тодорхой санаачилгыг өрнүүлээд ажиллаж байгаа юм” гэлээ. 

"Шийдвэр гаргаж, шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаагаас л орж ирэх асар их хэмжээний валютыг алдаж байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Хэдийгээр манай улс дэлхийн супер хэрэглэгч урд хөршөө эрчим хүчээр бүрэн хангах хэмжээний нөөцтэй ч шийдвэр гаргалт удаан, тодорхойгүй байдлаас болж олон зйүлийг хойш чангааж байгаад харамсаж байгаагаа Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Жигжид энэ үеэр ярьсан юм. 

Манай улс дэлхийн хамгийн том хэрэглэгч оронтой зэрэгцэн оршиж буйн хувьд тэр том зах зээлд эрчим хүчээ экспортлох нь уул уурхайн орлоготой зүйрлэшгүй. Ши Жиньпин Хятадын төрийн тэргүүн болсныхаа дараа анх удаа манай улсад айлчлахдаа Монгол Улс, БНХАУ хоёр хоорондоо эрчим хүч импортолж, экспортлох журмаа гаргаж, баталъя гэдэг санаачилгыг тавьж байжээ.

Мөн Шивээ овоогийн нүүрсний уурхайн дэргэд өөрийн хөрөнгөөр өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж өгөх хүсэлтээ тавьсан ч өнгөрсөн хугацаанд ямар нэгэн тодорхой шийдвэр гаргахгүй байгаагаас том боломж, цаг хугацаагаа алдаж байгааг Б.Жигжид харамсангуй өгүүлээд “Нөөц нь байгаад байдаг. Улс орнууд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлээд байдаг. Гэвч бид алтан дээр суусан гуйлгачин гэдэг шиг шийдвэр гаргаж, шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаагаас л орж ирэх асар их хэмжээний валютыг алдаж байна. Бидний муугаас л болж байна гэхээс өөр хэлэх үг алга” гэв. 

"Ашиглалтын явцын судалгааг маш сайн хийх нь зөв"
 
Гэрэл зургийг MPA.mn

“Азийн супер сүлжээ” бол ирээдүйд хэрэгжих асар том төсөл. Эрчим хүчний сайд ч үүнийг тодотгосон. Гэвч сүлжээ байгуулсны дараа буюу ашиглалтын явцын судалгаа маш чухал гэдгийг ХБНГУ-ын эрчим хүчний судалгааны “Heindl Energy” компанийн хамтран ажиллагч, судлаач, профессор, доктор Эдуард Хендл сануулсан. “Азийн супер сүлжээ бол маш сонирхолтой сэдэв. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг Монголд бариад эрчим хүчээр Азийн орнуудыг хангана. Яг ийм сүлжээ Европт маш сайн хөгжиж байна. Европын орнууд бүгд хоорондоо холбогдсон бөгөөд цахилгаан эрчим хүчээ худалдаалдаг. Ийм төсөл Монголд хэрэгжих гэж байгаа ч нэг судалгаа дутуу байна.

Азийд эрчим хүчний сүлжээг хөгжүүлэхэд юу дутуу байна гэхээр улс болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Хаана нь салхины станцаа барьж, хаана сувгаа барьж дамжуулах тооцоог программ хангамж дээр гаргаж, маш сайн судлах хэрэгтэй. Сүлжээг барих бол асуудал биш. Харин барьсны дараа ашиглалтын явцын судалгааг маш сайн хийх нь зөв. Монгол бол маш том давуу талтайг харж байна” хэмээн тэрбээр ярилаа.

 

2020 он гэхэд Азийн бүс нутагт 300 тэрбумаас 1 их наяд хүртэлх ам.долларын эрчим хүчний зах зээл үүснэ гэсэн тооцоо байна. Энэ том зах зээлд гол тоглогч болох түүхэн боломжийг Азийн супер сүлжээ төсөл олгож байгааг онцлон тэмдэглэе. Монгол Улсын оролцоог тодорхой болгох нарийвчилсан судалгааг Азийн хөгжлийн банк эд хийж байна. Өөрөөр хэлбэл, Азийн супер сүлжээ мөрөөдөл биш, юу юугүй хэрэгжих цаг хаяанд ирснийг улс орнуудын илтгэл, төслийн явц харуулж байна. 

Манай улсын хувьд суурилагдсан эрчим хүч 1200 мВт. Гэвч Монгол эрчим хүчний системийн хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай. Сэргээгдэх эрчим хүчний хувьд нийт суурилагдсан эрчим хүчнийхээ 12 тэнцэх хэмжээний эрчим хүчийг нар, салхинаас гарган авч байгаа ч дээр дурдсанчлан хуримтлуулах замаар тогтвортой нийлүүлэлт бий болгох сорилт байна. 

“Ази Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний 8 дугаар форум” өнөөдөр үргэлжилнэ.