Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Цэндсүрэн: Хайнга, буруу эмчилгээ хоолойны махыг архагшуулдаг!

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 10 сарын 17
СОНГДО зөвлөж байна

Өвчлөл хэрхэн үүсдэг үүнээс яаж сэргийлэх талаарх эрүүл мэндийн мэдлэгийг тань тэлэх үүднээс “УБ Сонгдо” эмнэлгийн чих хамар хоолойн ахлах зэргийн эмч, АУ-ы магистр М.Цэндсүрэн зөвлөж байна.


 

-Бид хамраас нус гарах юм уу, хоолой тороод эхлэхээр шууд л ханиадны ерөнхий эмчилгээ хийж эхэлдэг. Энэ хэр зөв арга юм бэ?

- Хамар залгиуртай нармайгаар, чихтэй сонсголын гуурсаар холбогддог амьсгалын замын эхлэл дээр оршдог эрхтэн. Харин ханиад томууны нян, вирус, мөөгөнцөр анх амьсгалын замын эхэнд л халдвар үүсгэдэг. Ханиад яг эхлэх агшинд чих хамар хоолойн эрхтнүүдийг цочроож л эхэлдэг. Тэгэхээр яг энэ үед нь ханиадны гэж ерөнхий эмчилгээ хийхээс өмнө чих хамар хоолойн мэргэжлийн эмчид хандаж, хэсэг газарт нь эмчилгээ хийвэл маш үр дүнтэй. Гэтэл хамрын үрэвслийг ханиад томууны гаралтай байхад нь дутуу, буруу эмчилснээс архагшуулж улмаар хамар дайврын үрэвсэлд хүргэдэг. 

-Байнга хамар нь битүүрдэг хүмүүс дусаалгын хамааралтай болчихсон байдаг. Ер нь дур мэдэн дусаалга ихээр хэрэглэх нь ямар гаж нөлөөтэй вэ?

-Хамар бүтэц болон үйл ажиллагааны гаралтай битүүрдэг. Хэрэв мэргэжлийн эмчид хандалгүй дур мэдэн эмгэг чанарт нь тохироогүй дусаалгыг буруу хэмжээгээр удаан хугацаанд хэрэглэвэл эргээд эмийн шалтгаантай хамрын үрэвсэл үүсдэг. Түүнчлэн хүүхдийн хамрыг битүүрүүлэхгүйн тулд ханиад томуунаас сэргийлэхээс гадна асаргаа маш чухал. Жишээ нь дөнгөж төрсөн нярайн хөл даарангуут рефлексийн замаар хамрын судаснууд өргөсөөд самалдаг нь хөөж, хавагнан хамар нь битүүрдэг. Хэрэв битүүрлийг арилгахгүй удвал чих хамар 2-г холбосон сувгаар халдвар дамжин дунд чихний үрэвсэл явагддаг. Мөн залуу ээжүүд хүүхдийн толгойг зөв байрлалд барьж хөхүүлээгүйгээс шалтгаалан уг гуурсаар сүү орж, чих өвдөх тохиолдол ч бий. Харин насанд хүрсэн хүний хувьд бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан хамар битүүрэх тохиолдол харьцангуй их.

Хамрын хөндийн таславчны мурийлт болон самалдаг хөөж томорсноос үүдсэн битүүрэл нэлээд хувийг эзэлдэг. Хамар агаарыг бүлээсгэж, шүүх, чийгшүүлж дамжуулах үүрэгтэй. Таславч мурийлтыг хүн өөрөө мэдэхгүй, таславч мурийлтын эхний үед хамар битүүрэхгүй байснаа олон жил болоход самалдаг нь ажилласаар байгаад томорч битүүрдэг. Энэ үед хамрын хагалгаа хийлгэх шаардлагатай. Гэтэл үүнийг анхааралгүй удаан явснаас дайвар хөндий үрэвсдэг. Хэрвээ үйл ажиллагааны гаралтай буюу ханиад хүрснээр хамар битүүрсэн эсвэл харшлаас болоод гамрит болсон бол эмийн эмчилгээ 7-14-н хоног хийхэд намддаг. Харин механик саадаас болсон гайморитын үед хамрын хагалгаа, дурангийн хагалгаанд орох зайлшгүй заалттай. Нэмж зөвлөхөд чихний дусаалга дусаахдаа бага насны хүүхдийн чихний дэлбэнгээс арагш доош нь татвал суваг тэгширдэг. Харин том хүнд арагш дээш татах хэрэгтэй.   

-Сүүлийн үед чихэвчний хэрэглээ харьцангуй өссөн. Чихэвчийг удаан зүүснээр өвчлөл үүсэх боломжтой юу?

-Чихэвчийг удаан хэрэглэснээр нэн түрүүнд сонсголд дасал болно. Чихэвч зүүж байхад дууны децибел 30-аас ихгүй, тогтмол байх хэрэгтэй. Түүнчлэн нэг удаадаа 30-н минут сонсоод завсарлах хэрэгтэй. Чихэвчний загвар бас чухал. Гадна сувагт хийдэг хатуу чихэвч чихэнд даралт үүсгэж, сувгаас ялгарч буй хулхины булчирхайн тэнцвэрийг алдагдуулдаг. Ингэснээр гадна сувагт арьсны үрэвсэл ч үүсч болно. Мөн чихэвчээ өөр хүнтэй сольж зүүснээр халдвар дамждаг.

-Хүүхдийн ханиад томууны шалтгаан дийлэнх нь хоолойн өвчлөлөөс үүссэн байдаг. Ер нь ямар шалтгаанаар хоолой ойр ойрхон өвддөг вэ?

-Хоолой ойр ойрхон өвдөнө гэдэг бол залгиур дээр байгаа нянг дутуу эмчлээд устгахгүйгээр муужруулж орхиод байна аа л гэсэн үг. Хүний залгиуртай холбоотой 6-н булчирхай байдгаас хамгийн том нь хоолойны мах. Түүнтэй бүтэц ба үүргийн хувьд адилхан ч хэмжээ байрлалаараа ялгаатай жижигхэн булчирхайлаг эдүүд нармай болон хэлний угт ч бий. Ийм булчирхай хүүхэдтэй хамт л төрдөг. Хүүхэд анх хоолой нь өвдөж эхлэнгүүт эцэг эхчүүд дутуу эмчилснээр архаг хэлбэрт шилжин, залгиур дээр ужгирсан нянтай болчихож байгаа юм. Тэр нь ханиад томуу хүрэх, шинээр халдвар авах, биеийн эсэргүүцэл сулрах, даарах, хүйтэн зүйл уух болгонд сэдрээд байгаа юм.

Түүнчлэн хоолой руу эм цацах асар буруу эмчилгээ. Хоолойны мах жижигхэн нүхнүүдтэй. Харин хуурай антибиотик, элдэв эм цацсанаар  нүхийг бөглөж нян үржих таатай нөхцөлийг нь бүрдүүлдэг. Тэгэхээр мэргэжлийн эмчийн эмчилгээг заасан хугацаанд нь зөв хийх хэрэгтэй. Ер нь өвчин дөнгөж эхлэх үед нь гэрээр дур мэдэн ямар нэг арга хэмжээ авалгүй мэргэжлийн эмчид хандвал залгиур дээрээс нянгийн шинжилгээ авч тохирсон антибиотикоор эмчилгээг хийх нь хамгийн зөв арга. Эмчилгээний явцад халуурахаа болих юм уу шинж тэмдэг илрэхээ байнгуут эмийн хугацааг дуусгалгүй дур мэдэн зогсоодог нь өвчлөлийг даамжруулан архагшуулдаг. Мөн хоолойны маханд буруу эмчилгээнээс гадна  бага насны хүүхдийн ундаа чихрийн хэт их хэрэглээ, шүдний  дутуу арчилгаа ч нөлөөлдөг. Учир нь шүд болон хоолойг нэг төрлийн нян өвчлүүлдэг. 

-Хоолойны махтай л бол ангина тусч, тэр нь үе мөч, зүрх судсандаа орох мэтээр ойлгогддог нь нууц биш. Ер нь хоолойны махыг заавал авах шаардлагатай юу?

-Өвдчихсөн байгаа хоолойны махыг гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл буюу ангина гэдэг. Хоолойны мах ойр ойрхон өвдсөнөөр өвчлүүлж буй нянгийн эсрэг цусанд эсрэг бие үүсдэг. Үүнийг үе мөчний шинжилгээ АСЛО гэж нэрлээд байдаг. Уг эсрэг бие цусаар эргэлдэхдээ зүрхэнд хавхлагийг, тархины судсыг, үе мөч, бөөр, арьс, холбогч эрхтэн системүүдийг гэмтээдэг. Ангина нь зүрх үе мөчиндөө орсон гэнэ лээ гэдгийн тайлбар нь энэ.

Мэдээж тухайн хүний онцлогоос шалтгаалан арьсаар юм туурах, зүрхний хавхлага, бөөрний аяганцар, тэвшинцэрийг өөрчлөх зэргээр өөр өөрөөр илэрдэг. Цусанд их хэмжээний эсрэг бие үүсээд эрхтэн системүүдэд хүндрэл өгчихсөн, Пенициллин G-д мэдрэг биш, ойр ойрхон өвддөг, өвдөх үедээ идээлж халуурдаг бол хоолойны махаа авахуулах заалттай. Нэгэнт хоёрдогч эрхтэн системд хүндрэл өгчихсөн бол хэрэгтэй юм гэнэ лээ гээд хадгалаад байх шаардлагагүй. 

-Аль болох бага насанд нь хоолойны махыг авах хэрэгтэй гэсэн ойлголт ч байдаг?

-Энд дээрх заалтан дээр нэмээд хэмжээний асуудал яригдана. Хоолойны махыг томролынх нь зэргээр 3 ангилдаг. Ер нь бага насны хүүхдийн хоолойн мах нармайн булчирхай том байж байгаад эргэх хөгжилд ордог. Хүүхдийн нас өсөхийн хэрээр нармай дээрх зай томорч хоолойн мах жижгэрдэг. Энэ бол авах авахгүйн заалт огт биш. Хэрвээ 3-р зэргийн томролтой, хүүхэд амаа ангайж унтдаг, хурхирдаг, дэрэн дээр нь шүлс асгардаг,  амьсгал дутагдлын шинжтэй, хичээл номондоо дургүй, анхаарал нь төвлөрдөггүй, дээд эрүү нь доод эрүүнээсээ богиносч татагдсан,  сэрүүн байхдаа ч ам нь хагас ангархай байдаг шинж тэмдгүүд илэрсэн бол хэмжээнээс хамаараад хоолойн мах авна. Бусад тохиолдолд буюу хэмжээ нь жижиг,  дээрээс нь саяын дурдсан шинж илрээгүй бол хүүхдийн нас өсч, нармайн зай томорч, булчирхай эргэх хөгжилд орохыг хүлээх зарчим баримтална.

-Ярилцсанд баярлалаа

 

Зураг