“Энэрэл” эмнэлэг нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн хоёр дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг билээ. Эрчимт эмчилгээ, тусгаарлах, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, чих хамар хоолойн тасаг нь жилд 2600-2700 хүн хэвтүүлж, эмчилдэг байна.
Тус эмнэлэг нь нийслэл хотод амьдарч байгаа ядуу, эмзэг бүлгийн, орон гэргүй тэнэмэл иргэд түүний дотор бичиг баримтгүй, орц траншейгаар амьдарч байгаа хүмүүст анхан шатны болон нарийн мэргэжлийн хоёр дах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг гэдгээрээ ихээхэн онцлогтой.
Харамсалтай нь эдгээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ чирэгдэлгүй чанартай үзүүлж, оношилгоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, хүнд өвчтөний оношийг тогтооход шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг байгаа юм.
11 нэр төрлийн 418 сая төгрөгийн санхүүжилтийг тус эмнэлэгт хийлээ
Тэгвэл өнөөдөр тус эмнэлэгт зарим төрлийн эмчилгээний тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Уг үйл ажиллагаа ЭМЯ-нд болсон бөгөөд тоног төхөөөрөмжийг ЭМЯ болон Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах JFPR-9136 MON” төслөөс санхүүжүүлжээ.
Хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, сорох төхөөрөмж, татлагын ор, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, үзлэгийн иж бүрдэл, зөөврийн болон суурин дижитал рентген, зураг угаагчийн хамт тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоодны уян дурангийн иж бүрдэл зэрэг 11 нэр төрлийн 418 сая төгрөгийн санхүүжилтийг тус эмнэлэгт ийнхүү хийжээ.
Ингэснээр “Энэрэл” эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 80.3 хувь болсон нь нэгдсэн эмнэлгийн стандартаар оношилгоо эмчилгээ хийх нөхцөл бүрдэж, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|