Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдыг A, B, C биш, 0-100 хүртэл найман шатлалаар дүгнэдэг боллоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
 

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үнэлгээний чанарыг шинэчилж, шинэ үнэлгээний системийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж буй. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

-Суралцагчийн үнэлгээний системийг шинэчлэн, хэрэгжүүлж байна. Яагаад үнэлгээг өөрчлөх болсон бэ?

-Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт сүүлийн 15 жилийн хугацаанд гурван удаа өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор сурах бичигт ч, үнэлгээний систем, багшийн арга зүйд ч өөрчлөлт орж, сургалтын хэрэглэгдэхүүнд дэвшил гарах ёстой. Тэгж байж хөтөлбөр цогц болдог. 

Манай хувьд хөтөлбөр, судалж байгаа агуулга, хичээлийн цагт нь өөрчлөлт ороод байдаг хэрнээ үнэлгээ нь өөрчлөгддөггүй, сурах бичиг нь хоцорч шинэчлэгдсэнээс нийгэмд, эцэг, эхчүүдийн дунд бухимдал үүсгээд байгаа. Тэр дундаа үнэлгээний хувьд сүүлийн бараг 10 гаруй жил A, B, C, D, F гэсэн таван шатлал бүхий үнэлгээтэй явж ирсэн. Энэ үнэлгээг олон сул талтай болохыг эрдэмтэн судлаачид хэлээд байдаг. Тийм учраас нэгдүгээрт хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотой, цаг үеэ дагаад шинэ системийг гарцаагүй хийж байгаа. 

-Өмнөх үнэлгээний системээс хэр зэрэг ялгаатай вэ? 

-Шинэ үнэлгээ найман шатлалтай. 50 оноо авсан хүүхэд F буюу муу л байдаг байсан. Гэтэл тэр хүүхэд тодорхой хэмжээний хувийн ур чадвараараа гүйцэтгээд байдаг. Тэгтэл 20 хувь гүйцэтгэсэн хүүхэдтэй ялгаагүй F дүн тавиад байхаар тэр хүүхдийн урам зориг, итгэл найдвар хаашаа явах вэ? Бид хүүхдийг дандаа л урам зориг, итгэл найдвараар тэжээж байх ёстой хүмүүс шүү дээ. 

Нөгөө талаар 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа хүүхдийг шууд 60, 70 хувьтай бол гэж шахах нь хүүхдэд ахдана. Ард нь амьдралын ямар ч нөхцөл байдлаас болоод сурлагын чанар нь муу байхад нөлөөлж болно. Тийм учраас хүүхдийг одоо 20 хувьтай байгаа бол 30 хувьтай болчих гэх мэтээр алхмыг нь ойртуулах боломжтой болно. Энэ мэтчилэнгээр найман шатлалтай болж байгаа. 

Шинэчлэгдсэн үнэлгээ:

Түвшин Хувь
VIII 90-100
VII 80-89
VI 70-79
V 60-69
IV 50-59
III 40-49
II 30-39
I 0-29

-Олон улсын туршлагаас судалж ийм өөрчлөлт хийж байгаа юу. Сурагчдад үнэхээр ахиц гарах уу?

-Үнэлгээний системийг шинэчилснээр дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн, олон талын давуу чанарыг бий болгоно гэж ойлгож байгаа. Тэр багш тухайн сурагчтай яаж ажиллах арга зүй нь үнэлгээнээс гараад ирнэ. Сургалтын ямар хөтөлбөрийг тэр хүүхдэд хэрэгжүүлбэл илүү сайжрах вэ гэдэг нь тодорхой болно.

Үнэлгээний системийг бүх шатаар хэлэлцүүлж, өнгөрсөн тав, зургаадугаар сард батлан, наймдугаар сард сургалтуудаа зохион байгуулснаар хэрэгжиж эхэлж байна. 

Бусад улс орнуудын хувьд ялангуяа бага ангид сурагчдыг огт үнэлдэггүй. Дундаас ахлах ангид шилжихдээ төгсөлтийн шалгалт шиг нэгдсэн шалгалт авчихдаг. Тэрийгээ улс орныхоо чанарын үнэлгээ болгон ашигладаг зэрэг олон давуу тал байгаа.

Манайх ч гэсэн хөндлөнгийн бодит үнэлгээтэй болох хөтөлбөр рүү явна гэж харж байгаа.