Ерөнхийлөгчийн сонгуулийн гол тоглогч нь хүүхнүүд
Чилид өчигдөр Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нэгэн зэрэг боллоо. Төрийн тэргүүний суудлын төлөө есөн хүн өрсөлдсөн нь тус улсын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй гэдгээрээ бичигдэж буй юм. Мөн энэ өдөр Чилийн сонгогчид 120 гишүүнтэй Депутатын танхимыг шинээр байгуулж, орон нутгийн 38 сенатын бараг талыг нь дахин сонгосон.
Түүнээс гадна энэ удаагийн сонгуульд санал өгөх нь сайн дурын хэрэг хэмээн зарласан ч түүхэнд анхны тохиолдол гэнэ.
Тус улсын хүн ам 17 сая. Тэднээс сонгуульд санал өгөх эрхтэй нь 13 сая ч урьдчилсан таамгаар долоо орчим сая хүн л сонгуульд оролцох байх хэмээн тооцоолж байсан. Сонгогчдын аюулгүй ханган санал хураах 2000 гаруй байрыг хамгаалахад зэвсэгт хүчний 10000 алба хаагч дайчлагдсан байна.
Ялагч нь тодорхой тулаан
Ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх өрсөлдөөн хоёр эмэгтэй улстөрчийн хооронд өрнөнө гэдгийг Чилид их эртнээс ярьсан. Өрсөлдөгч хоёр бүсгүй хар багаасаа бие биенээ мэдэх найзууд. Хоёулаа Пиночетын дэглэмийн үеийн генералуудын охид. Гэхдээ энэ удаа 62 настай хатагтай Мишель Бачелетэд боломж илүү.
Тус улсын Ерөнхийлөгчөөр 2006-2010 оны хооронд ажиллахдаа Мишель иргэдийнхээ итгэлийг хүлээж чадсан. Түүний бүрэн эрхийн хугацаа өндөрлөх үед хийсэн судалгаагаар иргэдийн 84 хувь нь Мишелийг дэмжиж байсан юм.
Чилийн Үндсэн хуулиар энэ албыг нэг хүн улирч хаших боломжгүй учир нам нь өөр хүн дэвшүүлсэн. Харин энэ удаа Мишель Бачелет НҮБ-ын Хүйсийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаарх агентлагийн тэргүүний суудлаасаа татгалзаж Зүүний хүчний эвслийн өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй юм. Түүнийг сонгогчдын 47 хувь нь дэмжинэ хэмээн тооцоолжээ.
Мишель Бачалетын гол өрсөлдөгч нь 60 настай Эвелин Маттеи.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Хөдөлмөрийн сайдын албыг өнгөрсөн зун Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргах хүртлээ хашсан. Хараат бус ардчилсан холбоог төлөөлж буй Эвелин Маттейг сонгогчдын 14-20 хувь нь дэмжих таамаг гарч байгаа.
Одоогийн Ерөнхийлөгч Себастьян Пиньерегийн ойрын хүн хэмээгддэг Эвелиний ялах магадлал эхний шатанд Мишель Бачалет сонгогчдын 50-иас дээш хувиас нь дэмжлэг авч чадаагүй нөхцөлд л боломжтой гэнэ. Энэ тохиолдолд хоёр дахь шатны сонгууль зарлана. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар сонгуульд найман саяас олон хүн санал өгсөн тохиолдолд хоёр дахь шатны сонгуулийн тухай ярих боломжтой ч сонгогчдын ирц ийм өндөр хувьтай гарна гэдэгт итгэл муу байгаа аж.
Үлдэж буй нэр дэвшигчдийн хувьд хүн амын тун бага хэсгээс л дэмжлэг авах магадлалтай. Бие даагч Франко Париси хамгийн ихдээ 15 хувийн санал авна. Дэвшлийн намын Марко Энрикес-Оминами 12, Хүмүүнлэгийн намын Марсель Клауде Рейес долоо, Тэгш эрхийн намын нэр дэвшигч Роксана Миранда, ногоонтны төлөөлөл Альфредо Сфейр нар гурав орчим хувийн санал авах байх. Бусад нь 1-2 хувьд л хэлбэлзэнэ гэсэн урьдчилсан дүнг судалгааг судлаачид гаргасан байна.
Их сургууль, татвар, метро болон ижил хүйстнүүдийн гэрлэлт
Одоогийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера ард иргэдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж, саналаа өгөх нь эх орныхоо ирээдүйд санаа тавьж иргэнийхээ үүргийг биелүүлж буй хэлбэр гэдгийг онцлон ухуулсан.
Тус улсын хувьд ДНБ-ий жилийн өсөлт 6,0 хувьтай, ажилгүйдэл ч мөн ийм хэмжээнд буй бөгөөд инфляци энэ тэр гэсэн толгой өвтгөсөн асуудал харьцангуй багатай. Чили улс төрийн хувьд тогтвортой, бизнес хөгжих таатай орчин бүрдсэн гэдгээрээ Дэлхийн банкны судалгаанд 34 дүгээрт жагсчээ. Хөрш Аргентин энэ үзүүлэлтээр 126-д байгаа.
Энэ нөхцөлд шинээр сонгогдох Ерөнхийлөгчөөс иргэд нийгэм-эдийн засгийн тодорхой хэдэн асуудлыг л шийдэхийг шаардах гэнэ. Ялангуяа боловсролын салбарын хямрал буюу боловсрол эзэмших боломж баячуудад илүү байгааг халах ёстой. Мишель Бачалетын тухайд боловсролыг тухайлбал дээд сургуулийг үнэ төлбөргүй олгохын төлөө ажиллана гэдгээ амласан.
Эвелин Маттей энэ асуудлыг оюутнуудад тэтгэлэг олгох замаар шийдвэрлэж болно хэмээн үзэж буй. Мөн Бачалет Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх саналтай байгаа бол Маттей тодорхой хэсэгт нь шинэчлэл хийх гэнэ. Эдийн засгийн салбарт Бачалет татварын шинэчлэлийг санал болгож буй бол Маттей өнөөгийн түвшинг хадгалах тухай ярьж байгаа.
Бачелет ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх ёстой гэж үздэг. Харин Маттей ийм гэр бүлийг хууль ёсны гэхээсээ илүү хамтдаа амьдрахыг нь зөвшөөрсөн гэрчилгээ олгоход хангалттай хэмээж байгаа.
Үр хөндөлтийг эмнэлгийн болон бусад шалтгааны улмаас зөвшөөрч болно гэсэн байр суурийг Бачалет илэрхийлсэн бол Маттей өнөөгийн барьж буй хатуу бодлогоосоо ухрах учиргүй гэжээ.
Энэ мэтээр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт эрс тэс заалтууд олон бий. Сантьягод байгуулж буй метроны хувьд ч өөр өөр байр суурьтай байгаа. Бачалет хоёр болон гуравдугаар шугамыг яаралтай ашиглалтад оруулах ёстой гэж байхад Маттей долдугаар шугамыг түрүүлж байгуулах нь зөв гэжээ.
Гэхдээ сонгогчид чухам хэнд нь илүү итгэл хүлээлгэж төрийнхөө толгойд зал ах вэ гэдгээ өөрсдөө шийднэ. Өчигдөр болсон сонгуулийн санал хураалтын дүн энэ долоо хоногт гарч дуусах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

