Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлэв

Ч.Болортуяа
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа, 2018.9.27, Нью-Йорк хот

- Нью-Йоркоос Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжилж байна.

Тэрбээр энэ үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа.

Тэд Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн байна.

Мөн тэрбээр Монгол Улсын 16,000 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа, Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрдсэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсан, ЕНБД-ын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД Антонио Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотложээ. 

 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа, 2018.9.27, Нью-Йорк хот

НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррес хэлэхдээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын Засгийн газрын оруулж хувь нэмрийг өндрөөр үнэлээд Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжиж ажиллах тухай ярьжээ.