Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Хорт хавдрын үеийн туяан эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Шугаман хурдасгуурт суурилсан хорт хавдрын туяа эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх онол практикийн хурал өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "2011 оноос Монгол Улсын Засгийн газар Австрийн хөнгөлөлттэй зээлээр хорт хавдрын эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд хорт хавдрын үеийн туяан эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байна. 

Үүнийг маш энгийнээр тайлбарлавал, тухайн хорт хавдрын хэлбэр дүрс, хэмжээнд тохирсон цацрагийг тухайн өвчин дээр нь аваачиж эмчлэх юм. Энэ нь эрүүл эд эрхтнийг цацраг туяагаар хордуулахгүй байх сайхан боломж. Мөн эмчилгээ хийх явцаа хянах боломж бүрдэж байна.

Өндөр өртөгтэй эмнэлгийн үйлчилгээг заавал гадаад орон руу очиж авах шаардлагагүй, эх орондоо эрүүл мэндийн даатгалаараа энэ үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Энэ нь хорт хавдрын эмчилгээнд гарч байгаа маш том түүхэн үйл явдал гэж бид үзэж байгаа.

Өнөөдөр манай хорт хавдрын нөхцөл байдал хүнд байгаа. 2017 оны статистик судалгаагаар жилдээ 6,073 тохиолдол шинээр бүртгэгдсэн, үүнээс 4,004 хүн нас барсан. Монгол Улсад 18,053 хүн хорт хавдартай амьдарч байна. 

Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар 2025 он гэхэд дэлхий дээр 32 сая хүн хорт хавдартай болох, үүнээс 8.2 сая хүн амь насаа алдах тооцоолол судалгааг гаргачихсан байна. 

Ер нь хорт хавдар нь амьдралын хэвшил, буруу хооллолт зэрэг олон төрлийн хүчин зүйлээс болж нэмэгдэж байгаа. Тийм учраас ДЭМБ улс орнуудад 3 зөвлөмж өгч байгаа. Үүнд:

  1. Хорт хавдрыг эрт илрүүлэх
  2. Хүний нөөцөө бүрдүүлэх
  3. Шинэ техник технологи нэвтрүүлэх орно.

Бид гурван зөвлөмжийг баримталж ажиллаж байна. 2018 оны есдүгээр сардаа багтаад хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхлүүлэхээр төлөвлөж байна. Хүний нөөцийн хувьд бид эмч нарыг чанартай бэлтгэж байгаа. Ялангуяа, туяа эмчилгээний эмч, мэргэжилтнүүдээ жилдээ 4-6 удаа Японд сургалтад тасралтгүй хамруулж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэх боломжтой болсон. Тиймээс бид хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх үйл ажиллагааны цогц бүтэцтэй болсон гэж хэлж болно" гэлээ.

"Монголын хавдрын эмчилгээг шинэ шатанд авчирч байгаа том технологи"
 

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн "Хорт хавдрын эмчилгээ нь өндөр технологи шаардсан том салбар. Хорт хавдрыг эмчлэх үндсэн гурван том багана, тулгуур байдаг. Үүнд мэс засал, химийн эмчилгээ, туяан эмчилгээ ордог. Бид энэ удаа туяан эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаад, тоног төхөөрөмжөө суурилуулаад эхэлчихсэн.  Энэ нь шугаман хурдасгуурт аппарат юм. Энэ нь Монголын хавдрын эмчилгээг шинэ шатанд авчирч байгаа томоохон технологийн дэвшил. 

Энэхүү технологийн давуу тал гэвэл эмчилгээний чанар хамаагүй илүү, гаж нөлөө багатай, богино хугацаанд хийгдэх учраас олон хүн хамруулах боломжтой" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 12 | 12 цаг